Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми пуужин устгах лазерын зэвсгийг амжилттай туршжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Lockheed Martin компаниас гаргасан лазерын зэвсгийн төсөөлөл зураг

Лазерын зэвсгээр агаарт нисэж яваа хэд хэдэн пуужинг амжилттай устгаж туршсанаа АНУ-ын агаарын хүчин өчигдөр мэдээлжээ.

Энэхүү шинэ зэвсгийг нисэх онгоцонд суурилуулан ашиглах эцсийн зорилготой байгаа юм.

Туршилтыг өнгөрсөн сард Нью Мексико муж дахь байлдааны сургуулилалтын талбайд АНУ-ын агаарын хүчний судалгааны лаборатори зохион байгуулжээ. SHiELD (Self-Protect High Energy Laser Demonstrator) нэртэй уг зэвсгийг газраас ажиллуулж, хэд хэдэн пуужинг устгасан байна.

Ирээдүйд SHiELD-ийг нисэх онгоцонд суурилуулж, өөдөөс харвасан газар-агаар, агаар-агаар ангиллын пуужингуудыг устгах чадалтай болгох юм. АНУ-ын агаарын хүчний лаборатори лазерын зэвсэгтэй болохоор 2016 оноос хойш ажиллаж байгаа. 2017 онд Lockheed Martin компанитай гэрээ байгуулж, SHiELD-ийн нисэх онгоцонд суурилуулах жижигрүүлсэн загварыг зохион бүтээлгэх ажил эхэлсэн юм байна.

Нисэх онгоцонд суурилуулсан лазерын зэвсгийг 2021 онд туршихаар төлөвлөжээ. 

 

Эх сурвалж: The Verge