Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг шинэчилжээ

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг баталсан юм.

Нийслэлийн эргэн тойронд зөвшөөрөлгүй оршуулгууд ихээр хийгдэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг чадамжтай, чадамжгүй хувийн компаниуд иргэдэд чанаргүй үйлчилгээ үзүүлэх байдал газар авч байна. Дээрх нөхцөл байдлыг цэгцлэх, хязгаарлах нь хотын тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг юм. Тиймээс журмыг шинэчлэн найруулж, сайжруулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд 14:00 цагт журмын төслийг нээлттэй хэлэлцүүлэх гэж байгаа тул иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Хотын Захирагчийн албанаас мэдээлэв.

Төсөл

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОРШУУЛГА ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 
1. Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын газрын байршлыг тогтоох, иргэн, аж ахуйн нэгж байгууллага оршуулгын үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэхтэй холбогдсон  харилцааг зохицуулна. 
1.2  Аливаа шашины зан үйлээс үл хамааран Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллага, аж ахуй нэгж, шашны сүм, хийдин лам, бөө, хувь хүн, иргэд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3 Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба нь нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой бодлого боловсруулан хэрэгжүүлж, хяналт тавин ажиллах ба оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч энэхүү журам болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн акт, бодлого төлөвлөлтийн  талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлыг тус тус зохион байгуулна.
1.4 Энэхүү журам нь хэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн холбогдолтой шарилыг оршуулах үйл ажиллагаанд хамаарахгүй.
1.5 Оршуулгын газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу нийтийн эдэлбэр газар байх ба аливаа хуулийн этгээдийн эзэмшилд олгохгүйгээр ашиглана.
 
2. Хоёр. Оршуулгын газар байгуулах, хаах
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулга хийх газрын байршлыг Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж тогтооно.
2.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах оршуулгын газрын байршил, талбайн хэмжээг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулан тодорхойлно.
2.3 Энэхүү журмын 2.2-т заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, байгаль орчин, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага, тухайн дүүргийн Засаг даргын тамгын газар, оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулна.
2.4 Газрын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.2-т заасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн оршуулгын газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналд тусгаж, шийдвэрлүүлнэ.
2.5 Оршуулгын газрыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Монгол Улсын холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн хот суурин газар, цэвэр ус, булаг шандны эх, аялал жуучлалын бүсээс 1000м-ээс доошгүй зайд байхаар тогтооно.
2.6 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дараах тохиолдолд оршуулгын газрыг хаана.
2.6.1 Тухайн оршуулгын газарт оршуулга хийх газрын нөөц дууссан, 
2.6.2 Тухайн газарт оршуулгын үйл ажиллагаа 5-с дээш жил хийгдээгүй,
2.6.3 Байгалийн гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн улмаас оршуулгын газар эвдэж сүйдсэн, сэргээн засварлах боломжгүй болсон,
2.6.4 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагаас оршуулгын газрыг үргэлжлүүлэн ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нөхцөл бүрдсэн гэж дүгнэлт гаргасан,
2.7 Энэхүү журмын 2.8 дахь хэсэгт заасан нөхцлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулж тодорхойлно.
2.8 Энэхүү журамд заасны дагуу зөвшөөрөгдсөн оршуулгын газарт оршуулгын үйлчилгээ үзүүлж байгаад энэхүү журмын 2.8-д заасан нөхцөл байдлын улмаас тухайн оршуулгын газар хаагдсан бол оршуулгын газрын арчлалт, хамгаалалтыг оршуулгын газарт үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгж байгууллага 10-аас доошгүй жилийн хугацаанд бүрэн хариуцаж ажиллана.
 
Гурав. Оршуулгын үйлчилгээ
3.1 Оршуулгын үйлчилгээ нь чандарлах болон газарт оршуулах гэсэн хэлбэртэй байна.
3.2 Олон улсын хөл хориот болон зоонозын өвчний улмаас нас барсан тохиолдолд шарилыг оршуулахдаа эрүүл ахуй, халдвар хамгаалалын дэглэмийг чанд баримтлан ажиллах ба оршуулах хэлбэрийг холбогдох Эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжид үндэслэн сонгоно.
3.3 Оршуулгын үйлчилгээ нь дараах үйлчилгээнүүдээс бүрднэ.
3.3.1 Шаардлагатай бичиг баримтын бүрдэлийг хийж, захиалга хүлээн авах.
3.3.2 Талийгаачийн ар гэрийнхэнд зөвлөн чиглүүлэх үйлчилгээ үзүүлэх 
3.3.3 Шарил хадгалах
3.3.4 Зориулалтын тээврийн хэрэгслээр шарил тээвэрлэх 
3.3.5 Талиигаачтай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
3.3.6 Оршуулгын газар дээр оршуулах зан үйл үйлдэх
3.3.7 Оршуулсан талийгаачид зориулж мод тарих
3.3.8 Оршуулгын газрыг тохижуулах, шарилыг арчлах, хамгаалах
3.3 Оршуулгын үйл ажиллагааг талийгаачийн нас барсныг бүртгэсэн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөлтэй газар гүйцэтгэнэ.
3.4 Оршуулгын үйлчилгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.
3.5 Оршуулгын үйлчилгээг талийгаачийн ар гэрийхний хүсэлтийн дагуу сонгосон үйлчилгээний хэлбэр, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг тусгасан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.
3.6 Энэхүү журмын 3.3.1, 3.3.2-т заасан үйлчилгээг дараах шаардлагын дагуу үзүүлнэ.
3.6.1 Оршуулгын үйлчилгээг иргэдийн хүссэн гариг, өдөр, цагт зохион байгуулах, 
3.6.2 Талийгаачийн ар гэрийнхэнд зөвшөөрөлтэй оршуулгын газар болон тухайн оршуулгын газрыг хариуцаж үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, энэхүү журам, холбогдох бусад эрх зүйн актыг танилцуулах ба энэ тухай мэдээллийг иргэдэд ил тод мэдээллийн самбарт байршуулах,
 
Дөрөв. Оршуулгын зан үйлд тавигдах ерөнхий шаардлага
4.1 Газарт оршуулах зан үйлд дараах ерөнхий шаардлагыг баримтална.
4.1.1 Шарилын нүхний гүнийг 1,5 метрээс ихгүй байхаар газрын хэвлийг эгц доош ухан бэлтгэх ба бусад шарилд хүндэтгэлтэй хандаж орчны цэвэр байлгах,
4.1.2 Шарил хоорондын зай 2 метрээс ихгүй байх,
4.1.3 Шарилын хөшөөний хэмжээ 50см х 80см–ээс ихгүй байх ба нэгэн жигд байх
4.1.4 Шарилын хөшөөг бэлтгэхэд байгалийн чулуу ашиглах бол чулуу олборлож, ашиглах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаас авч, чулуу олборлогчийн талаарх мэдээллийг талийгаачйин оршуулгын мэдээллийн санд оруулах.
4.2 Чандарлах оршуулгын үйлчилгээнд дараах ерөнхий шаардлагыг баримтална.
4.2.1 Шарил чандарлах зуух нь Монгол улсын холбогдох стандарт, шаардлагад нийцсэн байх,
4.2.2 Шарил чандарласан үйлчилгээний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад улирал бүр гаргаж өгөх.
4.2.3 Гэмт хэргийн шинж чанартай болон эмнэлэгийн бус нөхцөлд нас барсан талийгаачийг чандарлаж оршуулах тохиолдолд цагдаагийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэн чандарлах.
4.3 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 2.5-д дурдсан нөхцөл үүссэн талаарх асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.
 
Тав. Оршуулгын үйлчилгээний үнэ тариф
5.1 Оршуулгын үйлчилгээний тарифыг үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардал, үйл ажиллагааны чанарт тохируулан тухайн оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж тогтооно.
5.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага өрхийн дундаж орлого нь өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаагаар харьцангуй бага хэрэглээтэй өрх гэж тогтоогдсон нэн ядуу, ганц бие харах хандах хүнгүй, 0-14 насны 3-аас доошгүй хүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй талийгаачийн оршуулгын үйлчилгээний зардлыг 50-аас доошгүй хувиар хөнгөлнө. 
 
Зургаа. Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгулууллагад тавигдах ерөнхий шаардлага
6.1 Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. 
6.1.1 Зөвшөөрөл бүхий оршуулгын газарт үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байх
6.1.2 Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан барилга, байгууламж, машин техник, тоног төхөөрөмжтэй байх.
а. Оршуулгын газарт салах ёс үйлдэх ёслолын танхим, 
б. Оршуулгын газарт гар рашаалах байр, талбай,
в. Оршуулгын газарт зул өргөх байр
г. Оршуулгын газарт хөрсний бохирдол үүсгэхээргүй, дэвшилтэт технологи бүхий бие засах газар, 
д. Шарил тээвэрлэх зориулалттай автомашин
е. Оршуулгын газрын харуул хамгаалалт, 
ё. Оршуулгын газарт хяналтын камер, 
ж. Оршуулгын газарт талбайн гэрэлтүүлэг, 
з. Оршуулгын газрын хил хязгаар дагуу хашаа.
и. Иргэдийг хүлээн авч мэдээлэл өгөх байр
6.1.3 Оршуулгын газарт оршуулга хийх талбай, орчны тохижилт, ногоон байгууламжийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй байх
6.1.4 Ногоон байгууламжийн төлөвлөлт нь нийтийн талбайн 30-аас доошгүй хувийг хамарсан байх
6.1.5 Оршуулгын газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу оршуулсан 1 шарил тутамд 1-ээс доошгүй мод тарих
6.1.6 Оршуулах талбайн төлөвлөлтийг хийхдээ иргэдийн шашин шүтлэг, ёс заншилтайгаар хуваарилалт хийх
6.1.7 Энэхүү журмын 6.1.2-д заасан барилга байгууламжийг барихдаа холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийг авсан байх
6.1.8 Оршуулгын газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх
6.1.9 Оршуулгын үйлчилгээ үзүүлэх дотоод дүрэмтэй байх.
6.1.10 Жилийн болон дунд, урт хугацааны бизнес төлөвлөгөөтэй байх.
6.1.11 Энэхүү журмын 11.2-д заасан мэдээллийн сантай байх.
6.1.12 Оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэрэгшсэн туршлагатай 10-аас доошгүй ажилтантай байх,
6.1.13 Үйл ажиллагаандаа олон улсын ISO:9001 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн байх
6.1.14 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр оршуулгын үйлчилгээ эрхлэх чиглэлийг тусгасан байх,
6.2 Энэхүү журмын 8.1-д заасны дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ үзүүлнэ.
 
Долоо. Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах
7.1 Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд оршуулгын газар байгуулахаар тусгагдсан тохиолдолд тухайн байршилд энэхүү журмын 6 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцсэн оршуулгын газрыг барьж байгуулан, оршуулгын үйлчилгээ эрхлэх, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулна.   
7.2 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл шалгаруулах зарчмаар сонгон шалгаруулна. 
7.3 Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулах ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, байгаль орчин, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага, тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын асуудал хариуцсан албан тушаалтан тус тус орно.
7.2 Төсөл сонгон шалгаруулалтын шаардлага, ажлын даалгавар бүхий баримт бичгийг энэхүү журмын 7.2-т заасан ажлын хэсэг боловсруулж, өдөр тутмын 1-ээс доошгүй сонин, олон нийтийн телевизээр сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй хоногийн хугацаанд нийтэлнэ.
7.3 Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт оршуулгын үйлчилгээ эрхлэх төсөл боловсруулах шаардлага, төслийг хүлээж авах эцсийн хугацаа, зөвшөөрөгдсөн оршуулгын газрын байршил, хэмжээ болон бусад шаардлагатай мэдээллийг тусгаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулна.
7.4 Төсөл сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага төсөл шалгаруулалтын зар нийтлэгдсэнээс хойш төслийн санал хүлээн авах эцсийн хугацаансаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр хүсэлт гаргаж, төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэ төлбөргүй авна.
7.5 Сонгон шалгаруулалтад дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.
7.5.1 Оршуулга хийх талбай, орчны тохижилт, ногоон байгууламжийг оновчтой төлөвлөсөн байдал,
7.5.2 Оршуулгын үйлчилгээ эрхлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын эх үүсвэр, санхүүгийн чадахийн байдал,
7.5.3 Оршуулгын үйлчилгээний уян хатан үнэ тариф, түүнийг бодитой тооцсон байдал, 
7.5.4 Оршуулгын үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бүрдүүлсэн, дадлага туршлага хуримтлуулсан, зориулалтын машин техник, багаж, хэрэгсэл, дэвшилтэт технологи ашиглахаар төлөвлөсөн байдал,
7.5.5 Байгаль орчинд ээлтэй оршуулгын дэвшилтэт технолгийг санал болгосон байдал,
7.5.6 Энэхүү журмын 6.1.2-6.1.13-т заасан шаардлагын хэмжээнд хүрэхээр төлөвлөсөн хугацаа, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг бодитой тооцож, төлөвлөсөн байдал.
7.6 Төсөл сонгон шалгаруулалтыг төслийн санал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 30 хоногийн дотор зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, шалгараагүй этгээдэд төсөлд шалгараагүй шалтгааныг дурдаж  төсөлд шалгараагүй тухай мэдэгдлийг  албан бичгээр хүргүүлнэ.
 
Найм. Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох
8.1 Энэхүү журмын 7.6-д заасан гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл авсан аж ахуйн нэгж, байгууллагатай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ олоно.
8.2 Оршуулга хийхээр зөвшөөрөгдсөн байршилд өөрийн компаний эзэмшил газарт оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллага Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргатай “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авч үйл ажиллагаа эрхэлнэ.
8.3 “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-нд төсөл хэрэгжиж эхлэх, дуусах хугацаа, гэрээний үүрэг биелэгдээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаагүй тохиолдолд талуудын хүлээх үүрэг, хариуцлага, төсөл дутуу хэрэгжиж, төсөл зогссоноос үүдэн гарах хохирол, сөрөг үр дагаварыг талууд хэрхэн шийдвэрлэх, хэн яаж хариуцах тухай заалтыг дэлгэрэнгүй тусгах ба төсөл хэрэгжүүлэх ерөнхий болон тухайн жилийн нарийвчилсан төлөвлөгөөг хавсаргасан байна.
8.4 “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-г 15 хүртэлх жилийн хугацаагаар байгуулах ба мөн хугацаагаар сунгаж болно.
8.5  “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-г жил бүр дүгнэнэ. 
 
Ес. Шарил хадгалах үйлчилгээ
9.1   Шарил хадгалах үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхэлж болох ба үйл ажиллагаа нь эрүүл мэндийн болон шүүхийн шинжилгээний байгууллагатай уялдаатай байж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль, журам, олон улсын болон Монгол Улсын стандарт шаардлагад нийцсэн байна.
9.2 Талийгаачийн шарилыг дээрхи стандарт, шаардлагад нийцсэн шарил хадгалах байранд хадгална.
9.3 Эрүүл мэндийн байгууллагад нас барсан иргэдийн шарилыг тухайн эмнэлгийн шарил хадгалах газарт хадгална.  Хэрэв шарил хадгалах газар байхгүй бол гэрээтэй шарил хадгалах газарт хадгална.
9.4 Гэмт хэргийн улмаас болон сэжигтэй байдлаар нас барсан иргэдийн шарилыг хуулийн байгуулагын шийдвэрээр шүүхийн шинжилгээний байгууллагын шарил хадгалах газарт хадгална.
9.5 Талийгаачийн шарилд шүүх эмнэлгийн цогцос шинжилгээ хийгдсэн тохиолдолд ар гэрийнхний хүсэлтээр, хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шарилыг гэрт болон хувийн хэвшлийн шарил хадгалах газарт хадгалж болно.
9.6 Шарил хадгалах үйлчилгээг хуулийн байгууллагын зөвшөөрөлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Шарил хадгалах үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулж эрхэлж болно.
9.7 Шарил хадгалах газар нь дараах нийтлэг шаардлагад нийцсэн байна.
4. 9.7.1 Шарил хадгалах газар нь 100-аас доошгүй шарил хадгалах  багтаамжтай зориулалтын хөргүүр бүхий  хөргөгчтэй байх бөгөөд цахилгааны нөөц эх үүсгэвэртэй байна. 
5. 9.7.2 Шарил хүлээн авах, шинжилгээ хийхэд зориулагдсан өрөө тасалгаа,  техник, тоног төхөөрөмжтэй байна.   
6. 9.7.3 Шашин, ёс заншил, зан үйлд тохирсон тохижилт бүхий салах ёс гүйцэтгэх,  шарил гаргах танхимтай  байна.
9.7.4  Авто зам бүхий орц гарц, оршуулгын цувааг зогсоох авто зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хогийн сав, сандал гэх мэт орчны тохижилттой байна. 
7. 9.7.5 Цагдаагийн байгууллагын гэрээт болон хувийн хэвшлийн харуул хамгаалалттай  байна.
8. 9.7.6 Шарил хадгалах газар нь  иж бүрэн камерын хяналтын системтэй байна.
9. 9.7.7 Шарил хадгалах газар нь нэгдсэн бүртгэлтэй байх бөгөөд үйлчилгээний үнэ тариф бодитой байна.
 
Арав. Шарил тээвэрлэх, зөөвөрлөх үйлчилгээ
10.1 Шарил зөөвөрлөх болон тээвэрлэх үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж эрхэлж болох ба энэ тохиолдолд эрх бүхий эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авч, шүүхийн шинжилгээний байгууллагатай уялдаатай ажиллана.
10.2 Шарил тээвэрлэх зөөвөрлөх автомашин нь тусгай зориулалтын /эмнэлгийн/,  /хөргөлттэй / байх ба тусгай дуут дохио, гэрэл дохиотой байж болно.
10.3 Талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр шарилыг шаардлага хангасан хувийн машинаар тээвэрлэж болно. 
 
Арван нэг. Шарил шилжүүлэх
11.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт ил тавьсан шарил болон зөвшөөрөлгүй оршуулсан шарилын талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд мэдэгднэ.  
11.2 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага газар дээр нь шарилд үзлэг хийж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож, дүгнэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ. 
11.3 Зөвшөөрөлгүй газар оршуулсан болон ил тавьсан шарилыг талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрлийг авахгүйгээр шилжүүлэн чандарлах ба энэхүү журмын 11.2-т заасан дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг шилжүүлж, чандарлах шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга гаргана. 
11.4 Шарил шилжүүлж, чандарлах үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлнэ.
11.5 Шарил  шилжүүлэн оршуулах, чандарлах үйл ажиллагаанд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах ба энэ талаар энэхүү журмын 3.4-т заасан гэрээнд тодорхой тусгана. 
11.6 Иргэний хүсэлтээр зөвшөөрөлтэй оршуулгын газраас шарил шилжүүлэх тохиолдолд талийгаачийн ар гэрийнхэн оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжид хүсэлт гаргаж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ба гарах зардлыг талийгаачийн ар гэрийнхэн хариуцна. 
11.7 Хууль, тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан оршуулгын газарт бусад чиглэлээр төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд оршуулгын газраас шарил шилжүүлж, чандарлах зардлыг тухайн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний  төсөвт тусгуулна. 
11.8 Энэхүү журмын 10.5-д заасан шийдвэрийн хүрээнд шарил шилжүүлэх, чандарлах үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зохион байгуулна. 
11.9 Энэхүү журмын 10.5-д заасан шийдвэрийн дагуу шарил шилжүүлж, чандарлах тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ тухай мэдээллийг 14-өөс доошгүй хоногийн хугацаанд олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр иргэдэд хүргэнэ. 
11.10 Энэхүү журмын 10.5-д заасан шийдвэрийн дагуу шарил шилжүүлж, чандарлах үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
11.11 Шарил шилжүүлж, чандарлах үед шарилын хайрцаг дотроос гарсан эд зүйлс, эдлэл хэрэглэл, үнэт зүйлсийг чандарын суваргад хамтад нь зална.
11.12 Шарил шилжүүлж, чандарлах үйл ажиллагааны дараа хөндсөн шарилын нүхийг ариутгаж, хөрсөөр хучин тэгшлэж, орчны хог хаягдлыг бүрэн цэвэрлэнэ.
11.13 Шарил шилжүүлж, чандарлах ажил гүйцэтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж шилжүүлж, чанадрласан шарилын талаарх фото зураг, акт, холбогдох баримтыг бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэнэ.
 
Арван хоёр. Оршуулгын үйлчилгээний мэдээллийн сан
12.1 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь оршуулгын үйлчилгээний талаарх цахим болон цаасан суурьтай мэдээллийн сан, архивын нэгжтэй байна.
12.2 Энэхүү журмын 11.1-д дурдсан мэдээллийн санд оршуулсан талийгаачийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, төрсөн болон нас барсан он, сар, өдөр, хаана нас барсан байршил, нас барсан шалтгаан, оршин сууж байсан хаяг, оршуулгын үйлчилгээний хэлбэр, оршуулга хийсэн газрын нэр, чандарлаж оршуулсан бол чандрыг хадгалж байгаа газрын байршил, газарт оршуулсан бол оршуулгын газар дахь газар зүйн солбилцлын цэг, ургийн овог, эцэг эхийн нэр, оршуулгын үйл ажиллагааг хариуцагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг зэрэг  мэдээллийг бүртгэнэ. 
12.3 Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллага нь оршуулгын үйлчилгээний тайлан, мэдээг улирал бүрийн эхний сарын 5-ны өдрийн дотор Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, тухайн оршуулгын газар оршин буй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. 
 
Арван гурав. Хариуцлага
13.1 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж, байгуулагад Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
13.2 Оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээтэй холбоотой маргааныг хоёр тал харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
13.3 Оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү журмыг зөрчсөн болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний үүргээ оршуулгын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага биелүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрээг дангаар цуцалж, нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйлчилгээ эрхлэх гэрчилгээг хүчингүй болгоно.
13.4 Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардлыг талийгаачийн ар гэрийнхэн хамаарах.