Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хуан Гуайдо улс орондоо АНУ-ын цэргийг оруулах талаар бодож байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо улс орондоо цэрэг оруулахыг АНУ-аас хүсэх талаар бодож байгаагаа BBC сувагт ярьжээ.

Тэрээр Николас Мадурог төрийн эрхээс зайлуулах бүх арга замыг судалж байгаагийн дотор АНУ-аас цэргийн тусламж хүсэх хувилбар байгаа гэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт тэр нийслэл Каракаст засгийн газрын эсрэг шинэ тэмцэл эхлүүлж, үүндээ Венесуэлийн армийг татан оролцуулах гээд чадаагүй.

Гуайдо нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлаж, Мадурог өнгөрсөн онд хууль бус сонгуулиар төрийн эрхийг авсан гэж буруутгасан юм.

Гэвч Венесуэлийн армийн дэмжлэг, ОХУ, Хятад зэрэг гадаад улс орнуудын дэмжлэгтэй Мадуро төрийн эрхэнд байсаар байна. BBC-гийн сэтгүүлч Гуайдогоос АНУ-ын цэргийн тусламжийг авах талаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад тэр “улс орноо аврахын тулд шардлагатай бол бүх боломжит хувилбарыг судална” хэмээн хариулжээ.

Баасан гарагт Мадуро өөрийн улсын зэвсэгт хүчнийхэнд үнэнч байсанд нь талархлаа илэрхийлж, Гуайдогийн төрийн эргэлт хийх оролдлогыг зогсоож чадсанаа мэдэгдсэн юм.

Мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Венесуэлийн асуудлыг хэлэлцсэн байна. Өчигдөр Венесуэлийн гадаад хэргийн сайд Москвад ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсан. Өнөөдөр Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Венесуэлийн асуудлаар нүүр тулан уулзах гэж байна.

Ням гарагт ABC сувагт ярихдаа Помпео “Оросууд Венесуэлиэс явах ёстой. Манай байр суурь маш тодорхой. Оросуудыг, ирануудыг, кубачуудыг явуулахыг бид хүсэж байна” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: BBC