Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын худалдааны хэлэлцээрт эргэлт гарч, Трамп өндөр татвараар сүрдүүлж эхлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саяхан Америк-Хятадын худалдааны хэлэлцээр урагштай байгааг мэдээлж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр байр сууриа огцом эргүүлсэн мэдэгдэл хийлээ.

Тэрээр Хятадын зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг 10 хувиас 25 хувь болгон өсгөнө гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Дональд Трамп, Ши Жиньпин нар Аргентины нийслэл Буэнос-Айрест уулзахдаа худалдааны дайны “гал зогсоох” тохиролцоонд хүрээд байсан юм. Өөрөөр хэлбэл хэсэг хугацаанд харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар нэмж оноохгүй байхаар тохиролцсон.

Өчигдөр Трамп бас одоогоор татваргүй АНУ-д импортлогдож байгаа Хятадын $325 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноох тухай зарласан байна.

“Өнгөрсөн 10 сарын хугацаанд Хятад улс $50 тэрбумын өндөр технологийн бараандаа 25 хувийн татвар, бусад $200 тэрбумын бараандаа 10 хувийн татвар төлж байгаа. Эдгээр төлбөр тооцоо нь манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн. Баасан гарагаас эхлэн 10 хувиа 25 хувь болгон өсгөнө. Бас одоогоор татваргүй байгаа $325 тэрбумын дүнтэй бараанд 25 хувийн татвар удахгүй ноогдуулж эхэлнэ. АНУ-д төлсөн татвар Хятадын бараа бүтээгдэхүүний өртөгт бага нөлөө үзүүлдэг нь харагдсан. Хятадтай хийх худалдааны хэлэлцээр үргэлжилж байгаа ч хэтэрхий удаан байна. Тэд тохиролцсоноо буцаахыг оролдож байна. Үгүй!” хэмээн тэр твиттер хуудсандаа бичжээ.

Хэрвээ Трампын шийдвэр хэрэгжвэл Хятадаас АНУ-д нийлүүлдэг нийт 6,000 гаруй бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхөөр байна.

 

Эх сурвалж: Quartz