Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Венесуэлийн гадаад хэргийн сайд нар өнөөдөр Москвад уулзана

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Москва хотноо Венесуэлийн гадаад хэргийн сайд Хорге Арреазатай уулзаж, дөрөвдүгээр сарын 30-нд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын талаар хэлэлцэх гэж байна.

Ирэх долоо хоногт Лавров мөн Венесуэлийн асуудлаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах юм.

Уулзалтын үеэр өнгөрсөн Мягмар гарагт Каракас хотод гарсан төрийн эргэлт хийх оролдлого болон Венесуэлийн гадаад, дотоод нөхцөл байдлын талаар хэлэлцэх тухай ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээлжээ.

Оросын талаас Венесуэлийн засгийн газар, сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээрт зуучлах боломжийг мөн ярилцахаар болсон байна.

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа АНУ болон Латин Америкийн ихэнх орнууд түүнийг дэмжсэн юм.

Харин одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Беларус, Боливи, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сальвадор, Сири, Турк зэрэг улсууд дэмжиж байгаа.

АНУ-ын тусламжийн ачааг Колумби, Бразилийн хилээр нэвтрүүлэх тэмцлийг хоёрдугаар сарын 23-нд Хуан Гуаидо зохион байгуулж байв.

Энэ үеэс хойш Венесуэльд нөхцөл байдал харьцангуй тайван байсан бол өнгөрсөн Мягмар гарагт Мадурогийн дэглэмийг нураах тэмцэл дахин эрчимжсэн юм.

Лавров, Помпео нар маргааш Финландын Рованиеми хотод эхлэх Арктикийн Зөвлөлийн сайд нарын түвшний уулзалтын үеэр Венесуэлийн нөхцөл байдлыг хэлэлцэх гэж байна.

 

Эх сурвалж: ТАСС