Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлбэрэлтэд өртсөн эр саксофон хөгжим шиг дуугарах онцгой авьяастай болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нигерийн иргэн, 31 настай Тосан Аруга ямар ч хөгжмийн зэмсэггүйгээр саксофон хөгжмийг тоглож чаддаг болжээ.

Өөрөөр хэлбэл тэр амаараа саксофон хөгжимтэй тун адилхан дуугарч чаддаг.

Ийм онцгой авьяасыг тэр аймшигтай дэлбэрэлтэд өртсөнийхөө дараа олж авсан байна. 2010 онд Нигерийн газрын тосны арвин нөөцтэй Дельта мужид салан тусгаарлагчид бөмбөг дэлбэлэхэд Аруга өртөж, амьд гарсан юм.

Нүүр нь түлэгдэж, хүнд шархдсан тэрээр зургаан сар эмнэлэгт хэвтэхдээ гурван удаа хагалгаа хийлгэж байжээ. Нүүрэнд нь хийсэн сүүлийн хагалгааны дараа Аруга шинэ авьяасаа илрүүлсэн байна.

Эмнэлгээс гарсныхаа дараа тэр өөрийн мөргөдөг сүмд тоглолтоо үзүүлснээр хүмүүсийн дунд алдаршжээ. Харин энэ оны эхээр Аругагийн дүү түүнд сошиал сүлжээ ашиглахыг зааж өгснөөр нэр хүнд нь улам нэмэгдсэн байна.

Одоо тэр Африк хэмнэлийн хөгжмийг тоглосон бичлэгээ Инстаграм хуудсанд нийтэлж, олон дагагчтай болсон бөгөөд фэнүүдээс нь хандив өгөх тохиолдол ч байдаг гэнэ.

“Одоо би улам сайжрах, урын сангаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хэзээ нэг цагт намайг тоглолтоо хийгээч гэж урих байх гэж найддаг” хэмээн Аруга ярьжээ.

 

Эх сурвалж: CNN