Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн хоёр генералд туслаагүй нь Мадурог унагахад саад болсон уу?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Баруун гар талаас генерал Падрино, Эрнандес нар

Өнөөдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн гол тулгуур болж буй хоёр генерал байгаа юм.

Тэдний нэг нь ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга бөгөөд сөрөг тагнуулын газрын дарга Иван Эрнандес бол нөгөө нь Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез юм.

Associated Press агентлагийн Цагаан ордны эх сурвалжаас олж авсан мэдээлэлд өгүүлснээр тэдгээр генералууд өмнө нь Вашингтонд хандан тусламж дэмжлэг хүсэж байсан ч АНУ-ын засаг захиргаа зөвшөөрөөгүй юм байна.

Тухайлбал 2017 оны тавдугаар сард генерал Иван Эрнандес гурван настай хүүгээ Бостоны эмнэлэгт тархины хагалгаанд оруулахын тулд гэр бүлдээ АНУ-ын виз хүсэж байжээ.

Байгуулагдаад удаагүй байсан Трампын засаг захиргааныхан энэ асуудлыг хэлэлцээд татгалзсан хариун өгсөн байна.

Тухайн үед Бостон хотын хүүхдийн эмнэлгээс Венесуэль дэх АНУ-ын элчин сайдын яаманд ирүүлсэн захидалд гэр бүл нь хагалгааны төлбөрийн урьдчилгаа болох $150,000-ыг төлсөн тул хүүд хагалгаа хийх боломжтойг мэдээлжээ.

Эрнандес болон түүний эхнэр хагалгааны дараа хоёр сарын хугацаанд хүүхдийнхээ дэргэд байх шаардлагатайг мөн баталсан байна.

Визний зөвшөөрөл өгөөгүй тул Эрнандес албаны шугамаар Цагаан ордны захиргаанд хандсан ч мөн татгалзсан хариу авч байжээ.

2015 оны Венесуэлийн парламентын сонгуульд сөрөг хүчин ялсны дараа 2016 оны эхээр генерал Владимир Падрино АНУ-ын засаг захиргаатай харилцах суваг бий болгох зорилгоор төлөөлөгчөө Вашингтонд илгээж байсныг баримт баталж байна.

Гэвч түүний хүсэлтийг тухайн үеийн Обамагийн засаг захиргаа хүлээж аваагүй буцаажээ.

Ийнхүү Вашингтоны эрх баригчдын гаргасан “төмөр нүүр” өнөөдөр Венесуэлийн хямралыг шийдвэрлэхэд ямар нэг хэмжээгээр саад болсон гэж ажиглагчид дүгнэж байна.

Мягмар гарагт эхэлсэн Хуан Гуайдогийн тэмцлийн үеэр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон гурван өндөр албан тушаалтан Мадурог Венесуэлиэс явуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон тухай мэдээлж байв.

Тэдгээр нь генерал Эрнандес, Падрино нараас гадна Венесуэлийн дээд шүүхийн шүүгч Майкел Морено байсан юм. Гэвч одоо эдгээр албан тушаалтнууд бүгд Николас Мадурод үнэнчээ илэрхийлцгээж байгаа.

Пүрэв гарагт генерал Падрино ерөнхийлөгч Мадуротой зэрэгцэн зогсоод мэдэгдэл хийхдээ “Тэд бидэнтэй хөлсний хүмүүс мэт харьцаж, худалдан авахыг хичээж байна” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Трампын засаг захиргаа генерал Падриног хар жагсаалтад оруулсан бол дараахан нь генерал Эрнандесийг мөн ингэж шийтгэсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press