Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын нэг иргэний өдөрт хүртэх хүнсний хэмжээ 300 грамм болж буурав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ жил Умард Солонгосын ургацын алдагдал сүүлийн 10 жилд тохиогоогүй их хэмжээнд хүрсэн тул нэг иргэнд өдөрт ноогдох хүнсний хэмжээгээ 300 грамм болгон бууруулах болсныг НҮБ өчигдөр мэдээлжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 12-ны хооронд тус улсын засгийн газрын хүсэлтээр хүнсний нөөцийн үнэлгээг нь хийж гүйцэтгэсэн байна.

Энэ хугацаанд Пёньян НҮБ-ын мэргэжилтнүүдэд бүх төрлийн фермийн аж ахуйнууд, хүнсний үйлдвэрүүд, агуулах зоориудаа нээн өгч, ажиллах боломжоор хангажээ.

Сүүлийн 10 жилд тохиолдоогүй ган гачиг, үерийн улмаас Умард Солонгосын газар тариалангийн гарц энэ жил их хэмжээгээр буурсан нь 10.1 сая хүнийг дараа жилийн ургац хүртэл хүнсний ноцтой хомсдолд оруулж байгааг үнэлгээний багийнхан тогтоосон байна.

Энэ жилийн ургацын гарц 4.9 сая тоннд хүрсэн нь 2008-2009 оны ургацаас хойш хамгийн бага хэмжээ болж байна. Үр дүнд нь 2018-2019 оны тус улсын хүнсний хомсдол 1.36 сая тоннд хүрчээ.

Үүний улмаас Умард Солонгосын 10.1 сая иргэн хүнсний тусламж авалгүйгээр амьдрах боломжгүй болоод байна.

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр ирэх долоо, наймдугаар саруудад дахин үнэлгээ хийж, Умард Солонгосын хүнсний хомсдолын дүр зургийг илүү тодорхой гаргахаар болжээ.

 

Эх сурвалж: Reuters