Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сансрын биетүүд дэлхийтэй мөргөлдөх аюул тулгарвал яаж ажиллахыг эрдэмтэд хэлэлцжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Вашингтоны ойролцоох Мэриландын их сургуулийн хотхонд Гараг Дэлхийг Батлан Хамгаалах Олон Улсын зургаа дугаар чуулган болж, Америк, Хятад, Орос, Франц, Герман, Израйль, Италийн 300 орчим астрономичид, эрдэмтэд, инженерүүд, аюулгүй байдлын мэргэжилтнүүд цуглажээ.

Хэрвээ сансрын ямар нэг том биет дэлхийтэй мөргөлдөх аюул тулгарвал ямар арга хэмжээ авахыг тэд хэлэлцсэн юм.

Хамгийн сүүлд 2013 оны хоёрдугаар сард ОХУ-ын Уралын Челябинск хотын дээр 23 км-ийн өндөрт 20 метр өргөнтэй астероид дэлбэрснээр олон барилга, байшингийн цонхыг хагалж, мянга орчим хүн бэртэж гэмтжээ.

Челябинскийн осол анх удаа сансраас ирэх аюул заналын талаар олон нийтэд ойлголт өгч, шийдвэр гаргагчдад том дохио болсон юм.

Нарыг тойрон маш олон тооны астероид, солирууд тэнүүчилж байдгаас дэлхийд 50 сая километрийн дотор ойртож ирэх магадлалтай биетүүдийг одоо NASA (АНУ-ын сансрын агентлаг), ESA (Европын сансрын агентлаг) ажиглаж байдаг.

Ийм биетүүдийн тоо сүүлийн үед байнга нэмэгдэж байгаа. Тухайлбал он гарсаар шинэ 700 гаруй биет илэрсэн байна. Нийтдээ 20,000 орчим биет бүртгэгдээд байгаа ажээ.

Тэдгээрийн 942 нь нэг километрээс дээш өргөнтэй биетүүд байгааг NASA-гийн Гараг Дэлхийн Хамгаалалтын Албаны тэргүүн Линдли Жонсон мэдээлсэн байна.

Сансрын биетүүдийг одоогоор дэлхийд байрлах телескопуудаар хянаж байгаа. Гэхдээ сансарт телескоп байрлуулах чухал шаардлагатай байгааг астрономичид тайлбарлаж байна. Учир нь дэлхийгээс ажиглахад нарны цаад талд нуугдсан биетүүдийг илрүүлэх боломжгүй байдаг гэнэ.

Чуулганд оролцогсод онцгой тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дадлага сургуулилалт хийсэн байна. Тухайлбал харьцангуй жижиг хэмжээний солируудын хөдөлгөөнийг нарийвчлан тооцоолж, дэлхийн аль бүс нутагт орж ирэхийг тааварлах арга техникийг туршжээ.

Одоогийн боломж нь 50 метрээс багагүй хэмжээтэй биетүүдийг хаана унахыг хоёр долоо хоногийн өмнө тооцоолж чадах гэнэ. Ингэснээр тухайн бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ёстой гэдэг дээр чуулганд оролцогсод санал нийлжээ.

Харин бүр том хэмжээтэй биетүүдийг яах талаар хэлэлцээд угтуулж илгээсэн төхөөрөмжтэй сансарт мөргөлдүүлж, чиглэлийг өөрчлөх нь оновчтой арга гэж дүгнэсэн байна.

Хэрвээ Армагеддон кинонд гардаг шиг устгах гэж оролдвол олон тооны хэлтэрхийнүүд үүсгэж, дэлхийд учрах аюул арилахгүй гэж үзжээ.

NASA 2022 онд 150 метр өргөнтэй сансрын биет рүү DART (Double Asteroid Redirection Test) нэртэй төхөөрөмж илгээн чиглэлийг нь өөрчлөх туршилт хийх гэж байгаа юм.

Харин ийм арга хэмжээ авах бол дэлхий дээр хэн шийдвэр гаргах асуудал тодорхойгүй байна. Эхний ээлжинд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг шийдвэр гаргах боломжтой этгээд гэж харж байгаа гэнэ. Харин сансрын биетийг мөргөж, чиглүүлэх төхөөрөмжийг бүтээх, хөөргөх зардал хаанаас гарах нь тодохойгүй байна.

 

Эх сурвалж: AFP