Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзийн төрийн сангаас алдагдсан $200 саяыг АНУ буцааж өгнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Малайзийн төрийн сан 1MDB-гээс алдагдсан мөнгө болох $200 саяыг буцааж шилжүүлэхээр АНУ-ын тал бэлдэж байгааг Вашингтоны ойрын эх сурвалж мэдээлжээ.

Энэхүү хөрөнгийн $140 саяыг Нью Йоркийн Park Lane Hotel зочид буудлын эзэмшлийг зарж бүрдүүлсэн бол $60 саяыг нь “Wolf of Wall Street” киног бүтээсэн студиэс гаргуулахаар болсон байна.

Алдагдсан хөрөнгийг ирэх долоо хоногт Малайз руу шилжүүлэхээр бэлдэж байгаа ажээ.

Малайзийн баялгийн сан 1MDB-ээс өмнөх засгийн газрын үед алдагдсан $4.5 тэрбумыг буцаан олж авахаар ерөнхий сайд Махатхир Мохамад идэвхтэй ажиллаж байгаа. Тэрээр Швейцараас эхлээд Сингапур хүртэл олон улс орны эрх баригчдаас тусламж хүссэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Малайзийн тал 1MDB сангийн гол санхүүч асан Жо Лоугийн эзэмшиж байсан супер ангиллын завийг зарж $126 саяыг олж авсан байна.

Өнгөрсөн онд Сингапурын засгийн газар Лоугийн $11.1 саяын хөрөнгийг нь илрүүлж Малайзад эргүүлэн өгсөн юм. Гадаадад дүрвэсэн Жо Лоу өнгөрсөн хоёрдугаар сард Нью Йоркийн зочид буудал дахь эзэмшлээсээ татгалзсанаар $140 саяын хөрөнгийг буцаах боломж бүрдсэн байна. 

“Wolf of Wall Street” киног бүтээсэн “Red Granite Pictures” студийг Малайзийн өмнөх ерөнхий сайд Разак Нажибын дагавар хүү Риза Азиз 1MDB сангийн хөрөнгөөр хамтран байгуулж байжээ.

АНУ-ын хууль зүйн яам энэхүү бүтээлээс олсон орлогыг хууль бус гэж дүгнэсний дараа орлогоос нь $60 саяыг буцаахаар болсон юм.

Энэ долоо хоногт АНУ-ын тал Жо Лоугийн ээждээ бэлэглэсэн $1.7 саяын үнэт эдлэлийг мөн 1MDB сангийн хөрөнгөөр авсан гэж үзээд Малайзийн талд шилжүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: Bloomberg