Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироогоод зугтсан жолоочийг саатуулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нь нийт 1,082 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 787 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгав.

Зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 31 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон бол орон нутагт 7 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Ослын улмаас амь нас нь хохирсон, гэмтсэн хүний 12 нь бага насны хүүхэд байна. Хүүхэд өртсөн ослыг судлахад дийлэнх нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр, 1 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Сэрэмжлүүлэх зорилгоор ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

  • 2019.05.02-ны 18:25 минутын орчим Налайх дүүрэг 3-р хороо Нарангийн 24-р гудамжны задгай хашаанд H.Accent маркийн автомашины жолооч Б нь тус задгай хашаанд оршин суудаг 2 настай М-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхиж явсан хэргийг Багахангайн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч илрүүлэн саатуулж шалгаж байна.
  • 2019.04.30-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Монгол зоог” гэх газрын урд замд Kia Granbird маркийн автобусны жолооч нь явган зорчигч 45 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон зэрэг ноцтой зам тээврийн ослууд бүртгэгджээ. 
Анхаар 
Машины ард болон доогуур хүүхэд байгаа нь жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй. Жолооч ухрах хөдөлгөөнийг маш хянуур болгоомжтой хийж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хүүхдийг байнга анхаарч байвал зохино.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 192 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилжээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 3.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 8 хувиар буурч, амь нас нь хохирсон хүн 3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56 хувиар өссөн байна гэж ТЦА-наас мэдээллээ.