Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР рүү цахилгаан түгээх шугамын ажил дууссан. Төмөр замыг VII сард ашиглалтад оруулна

www.mongolianminingjournal.com
2019 оны 5 сарын 3
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.

Сайншанд хотоос зүүн зүгт морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд өөд уруугүй давхина. 

Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, Батлан хамгаалах яамны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ. Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Төмөр бетон гүүрийн ажил 70 гаруй хувьтай явагдаж байна

Төмөр зам дээгүүр 16 метрийн урттай бетонон гүүр байгуулж буй бөгөөд энэ ажил  70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тус гүүр нь  Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах зам  болон босоо тэнхлэгийн төв магистралтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ.

Харин  доод хэсэгт нь үйлдвэр рүү зорчих галт тэрэгний төмөр замыг барьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн хүнд даацын тусгай зориулалтын авто зам нь 21.1 км урттай бөгөөд энэ нь  Сайншанд-Баруун-Урт чиглэлийн авто замын хэсэг болох боломжтой юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Батлан хамгаалах яамны 7,780 дугаар анги 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 86 машин механизм, тоног төхөөрөмж замын бүтээн байгуулалтад хүчин зүтгэж байна. 

Авто замын үндсэн үзүүлэлтийг сонирхвол:  тооцоот хурд 60 км/цаг, гол зам 16.36 км, авто зогсоолын талбай 350 метр,  салаа зам 743 метр, далангийн өргөн 15 метр ажээ.  Авто замын хучилт нь 5 см дунд “0” ширхэглэлийн асфальт бетон хучилттай, 20 см цементээр бэхжүүлсэн суурийн үечлэлтэй байх ба суурийн доод үе нь 30 см байхаар төлөвлөгджээ. Харин авто замын далан суурь, хучилт хиймэл байгууламж  болон тоноглол нь асфальт бетон хучилт, цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе зэргээс бүрдэнэ гэдгийг албаны хүмүүс өгч байлаа.

Төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай

Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь  жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай. Замын урт нь 27.7 км бөгөөд ул шорооны ажил 95 орчим хувьтай явагдаж байна.

Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр байх аж. Өргөгч кранаар буулгаж байгаа урт төмөр дээр холбосон бетон дэрийг мэргэжилтнүүд “Үе” гэж нэрлэнэ. Үүнийг УБТЗ-ын Зам засварын машин станцын Салхитын өртөө дахь Үе угсардаг баазад угсарч тусгай зориулалтын вагоноор тээвэрлэж авчирдаг. Дараа нь мөн л тусгай зориулалтын өргөгч кранаар ачиж тусгайлан бэлтгэсэн ул шороо дээгүүр суурилуулна. Үүний дараа бетон дэр доогуур болон завсраар шороо асган  “ВПО” гэх машинаар дагтаршуулан  нягтруулж байна.

“Энэ зам дээр галт тэрэг 80 км цагийн хурдтай явна. Үе буюу хавтан нь 25 метрийн урттай, 18.7 тонн жинтэй, 46 ширхэг бетон дэртэй. Нэг км-т 1840 ширхэг бетон дэр орохоор тооцоолсон. Төмөр замын модон болон бетон үе зөөхөд зориулагдсан “УСО” гэдэг вагоноор 10 удаагийн зөөлтөөр газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км  замыг барьж дуусгана. Нэг удаа 6.3 км шинэ үе ачих боломжтой.

Төмөр замын бүтээн байгуулалтад замчид, инженерийн баг бүрдсэн УБТЗ-ын 110 гаруй хүн зориулалтын тусгай тоноглолтой 122 вагонтай ажиллаж байна.Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 23-ныг хүртэл гүйцэтгэж долдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна. УБТЗ-ын Их засварын цуваа нь хүн амьдрах нөхцлийг бүрдүүлсэн сууцны вагонуудтай. Дотор нь вагон ресторан, вагон клуб,  халуун ус, интернэт гээд хүний хэрэгцээг бүрдүүлсэн бүх зүйлүүд байдаг гэж УБТЗ-ын Зам засварын машин станцын орлогч дарга Т.Пунцаг ярив. 

Замчид бетон үе тавьсаны дараах төмөр замын нарийн засварын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.Үеүдийг хооронд холбох, хадах, эрэг шургийг чангалах, дэрийг тохируулах зэрэг ажил чимхлүүр бөгөөд нарийн юм. Замын ажлын бэхэлгээг Английн “ПОНДРОЛ” гэх стандарт бэхэлгээгээр тавьж байгааг албаныхан онцолж байлаа. Төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай. Нэг вагон дөрвөн гол буюу дөрвөн дугуйтай. Нэг гол 23.5 тонн ачаа даадаг бол нэг вагон нийт 93.5 тонн ачаа даах боломжтой аж.

Зам төмрийг ОХУ-аас, замын бэхэлгээг Англиас, уулзваруудын хавчаарыг ОХУ, БНХАУ-аас авч байгаа бол бусдыг нь Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн. Ташрамд дурдахад УБТЗ модон дэрээс татгалзаж байгаа бөгөөд эдүгээ модон дэртэй 400 гаруй км замыг бетон дэрээр үе шаттай солихоор ажиллаж байгааг дуулгалаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо барилгачид өртөөний барилгыг сүндэрлүүлж байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо барилгачид өртөөний барилгыг сүндэрлүүлж байна. Өртөө нь блочный маягийн релен цахилгаан төвлөрүүлэлтийн байгууламжаар тоноглогдсон байх бөгөөд Сайншанд өртөөтэй оптик шилэн кабелийн шугамаар холбогдоно. Энд мөн л арваад хүний ажлын байр бий болох ажээ. Дээрх бүтээн байгуулалттай холбогдуулан өнгөрсөн хугацаанд орон нутгаас 120 гаруй ажилтан ажлын байраар хангажээ.

Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс 800 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Барилгын бетон зуурмаг, хэв хашмал хийгээд цемент, хайрга зэрэг бусад барилгын материалыг худалдан авсан  бол хоол хүнс, ахуйн бараа материалыг ч орон нутгаас чадахаараа хангасан аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр рүү цахилгаан түгээх агаарын шугамын ажил дуусч Улсын комисс хүлээн авахад бэлэн болжээ. Сайншандын дэд станцын өргөтгөл буюу нийт 16 ширхэг анкер угсарч, 68 ширхэг тулгуур босгож цахилгаан утсыг татсан харагдана.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар товчхон...

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа  валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 17-ны 59 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Газрын тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр тогтож, 2017 оны гуравдугаар сарын 20-ны 92 тоот тогтоолоор дээрх төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100%-ийн төрийн өмчит компани байгуулах шийдвэр гаргаж, улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийг байгуулжээ.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 143 дугаар тогтоолоор “Сайншанд газрын тос боловсруулах үйлдвэр, чиглэлийн төмөр замын салбар зам, хүнд даацын тусгай зориулалтын авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, ажил, барилгын ажлын техник технологийн байнгын хяналтыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аар хийлгэх шийдвэр гаргасан юм. “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь “Аи Си Ти-Сайн консалтинг” ХХК-тай түншлэл байгуулж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай  Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төдийгүй санхүүжилтийн өртөгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон.  Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.  Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу Алтанширээ сумын нутаг дэвсгэрт Газрын тос боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тэгвэл орон нутгаас үйлдвэрийн байгууламжийн эхний шат болох дэд бүтцийн ажлыг явцад улсын хэрэгцээнд авсан 150 га газар нь Монгол Улсын хууль тогтоомж,  стандартад нийцэхгүй байгаа учир  үйлдвэрийг цаашид өргөтгөх хэрэгцээг тооцож судалгаа хийсний үндсэн дээрх газрыг 404 га болгож  нэмэгдүүлэх саналыг аймгийн ИТХ-ийн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн  хурлаар  хэлэлцэн  баталжээ.

Х.Эрдэнэбулган 

Зураг