Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский: Орос, Украины хооронд хил хязгаараас өөр ямар ч нийтлэг зүйл байхгүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Володимир Зеленский өөрийн улсын хил хязгаарыг бүрэн сэргээсний дараа л ОХУ-тай яриа хэлэлцээр хийх боломжтойг мэдэгджээ.

Тэрээр фэйсбүүк хуудсандаа “Хэзээ нэг өдөр сайхан цаг ирнэ гэдэгт итгэж байна. Би Украин, Орос улсуудын хооронд байдаг нийтлэг зүйлсийн талаар удаан бодлоо. Үнэндээ Крымийг салгаж, Донбасыг түрэмгийлснээс хойш бидний хооронд ганцхан нийтлэг зүйл үлдсэн нь 2,295 км, 400 метр урт хилийн шугам юм. Орос улс Украинаас авсан миллиметр бүрийг буцааж өгөх ёстой. Зөвхөн ингэсний дараа бид бусад нийтлэг зүйлсээ олж харах  боломжтой юм” гэж бичжээ.

Зеленский дөрөвдүгээр сарын 21-нд болсон Украины ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатанд 73.22 хувийн санал авч ялсан юм.

Түүний өрсөлдөгч, одоогийн ерөнхийлөгч Петро Порошенко 24.45 хувийн санал авч байжээ.

Украины шинэ ерөнхийлөгч тавдугаар сарын 31-нд тангараг өргөх юм.

Украины захиргаанд байсан Крымийн хойгийг 2014 онд ОХУ өөртөө нэгтгэсэн билээ. Үүний дараа АНУ, Еропын Холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавиад байна.

 

Эх сурвалж: ТАСС