Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дагавар хүүхдүүдээ тамласан этгээд цагдан хоригдож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өөрийн дагавар хүүхдүүд болох дөрөв, зургаан настай хоёр хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан н.Тодзаяаг цагдан хорьж, шалгаж байна

Түүнийг хоёр сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд энэ хугацаа тавдугаар сарын 19-нд дуусна. Харин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа мөрдөн байцаагч прокуророор дамжуулан шүүхэд гаргаснаар тухайн үед нь шүүх шийдэх юм. 

Эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд бусдад зодуулж, хүнд гэмтсэн дөрвөн настай хүү ГССҮТ-д хүргэгдэн очжээ. Түүнийг зургаан настай ахынх нь хамт хойд эцэг нь гурав хоногийн турш зодож, тамласан тухай ар гэрийнхэн нь ярьсан. Хэрэг гарах үед хөвгүүдийн ээж эзгүй байсан юм. 

Тухайн үед дөрвөн настай хүүгийн биеийн байдлын талаар эмчлэгч эмч нь “Дөрвөн настай эрэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүхдийн хэвлий битүү гэмтэлтэй, яс хугаралтай байсан учраас эхлээд яс бэхлэх мэс засалд орсон. Мөн хэвлийн хөндийн эрхтнийг шалгах мэс засалд орж, нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрах мэс засал давхар хийгдсэн. Одоо хүүхдийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай эмчлэгдэж байна” хэмээсэн. 

Түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд хүү нийтдээ есөн удаа мэс засал хийлгэсэн талаар хүүгийн ар гэрийнхэн ярьсан юм.