Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурвал манай улсад дагаад буурна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2289837121286819/

АМГТГ-аас шатахууны үнэ, хангамж, үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Ингэхдээ өнөөдрийн байдлаарх дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханшийн өөрчлөлт болон жижиглэнгийн дундаж үнийн судалгааг танилцуулав.

 
 

Засгийн газар шийдвэр гаргаж, 2018 оны нэгдүгээр сараас эхлэн АИ-92 болон А-80 шатахууны онцгой албан татварыг 0 болгон чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор эдгээр төрдлийн шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, төгрөгийн валюттай харьцах ханшаас шалтгаалан өсөж байгааг тайлбарлалаа. Үүнийг дагаад хэрэв дэлхийн зах зээл дээрх үнэ буурвал шатахууны үнэ дагаад буурах нөхцөл бүрдсэн гэдгийг АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв. 

Монгол Улсад шатахууны үнийн өсөлтөд валютын ханш, дэлхийн зах зээл дээрх үнэ болон хилийн үнэ нөлөөлж байгаа бол дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ олон улсын нөхцөл байдал нөлөөлж байгааг Ц.Эрдэнэбаяр тайлбарлалаа. Тухайлбал, 2018 онд АНУ Иранд хориг тавихтай холбоотой үнэ өссөн бол энэ жил АНУ Иранд бүтэн хориг тавьж, тус улсаас импортолбол давхар хориг тавина хэмээн зарим орныг нэрлэсэн нь түүхий тосны үнэд шууд нөлөөлж байна. Мөн Венесуэль улсын тогтворгүй нөхцөл байдал ч нөлөөлж байгааг хэллээ. Тэрбээр:

АМГТГ-ын зүгээс ОХУ-ын Роснефть компанитай төлбөрийн асуудал дээр уян хатан зохицуулалтыг хэлэлцэх төсөл хүргүүлсэн. 2019 оны хоёрдугаар болон дөрөвдүгээр сард тус компанитай хэлэлцсэн байгаа.  

  • Компаниуд бүтээгдэхүүнээ худалдан авах төлбөрийн нөхцөл нь 45 хоногийн хугацаатай байдаг. Үүнийг 15 хоногоор нэмж, 2 сар болгох
  • Премиум буюу тээврийн үнэ дээр хөнгөлөлт үзүүлэх  
  • "Роснефть" компанитай хийсэн гэрээнд тухайн сард, улиралд, жилд худалдан авалтын хамгийн бага болон дээд хэмжээг заасан байдаг. Өмнө нь худалдан авалтын хамгийн бага хэмжээг сар болгон тооцож, тухайн сардаа худалдан авалтын доод хэмжээнд хүрээгүй бол торгууль ногддог байсныг хүсэлт тавьсны дагуу улирал тутамд худалдан авалтын доод хэмжээг тооцож явах 
  • Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллаж байна. ОХУ-аас импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн бүгд төмөр замаар дамжин ирдэг. Үүнтэй холбоотойгоор төмөр замын ачаа тээврийн зогсолтыг ОХУ-аас нэлээн хожуу, маш их хэмжээний цаасан материал авч шийддэг байсныг тухай бүрт нь онлайнаар явуулж, хугацаа түргэвчлэх зэрэг санал тавиад шийдвэрлэхээр ажиллаж байна.
  • Дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж шууд үнийн тогтолцоогоо явуулдаг нөхцөлийг 2018 онд таван жилийн хугацаагаар гэрээг сунгасан. 2023 он хүртэл үргэлжилнэ. 
  • Бусад орны эх үүсвэрийн талаар судалгаа хийж байна. БНХАУ, Казахстан зэрэг улсыг судалж байна. Ялангуяа, БНХАУ-ын China Oil компанитай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Тус улсаас бүтээгдэхүүн оруулж ирэхэд төмөр зам болон агуулах савны асуудал байгаа. Үүнийг судалж бусад боомтоор, авто системээр оруулж ирэх талаар судалгааг эрчимжүүлж байна. 
  • Улсын нөөцийн агуулах савыг шийдэхээр Рашаантын өртөөнд 100,000 тоннын хадгалах сав байрлуулахаар ажиллаж байна. Энэ бол нийт бүтээгдэхүүний 8% орчим хэмжээгээр нэмж агуулах боломж бүрдэнэ гэсэн үг.  
  • Мөн ОУВС-тай хамтран шатахууны үнийг автоматаар тогтоох системийг нэвтрүүлэх 
  • Компаниудын нөөц хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллаж байна гэлээ. 

Цаашид шатахууны талаарх бүх үнийг долоо хоног тутам нийтэд мэдээлж байхаар болжээ.

Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц 80 гаруй хувьтай явж байгаа аж. 2019 онд дэд бүтцийг ашиглалтад оруулах бол нефть боловсруулах үйлдвэрийн барилгын ажил гэрээний түвшинд байгаа бөгөөд энэ оны сүүлээр эхэлж 2023 оны сүүлчээр түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр ярьж байгаа юм байна.

Энэ хүрээнд тавдугаар сарын 12-14-нд Буянт-Ухаад БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран экспо зохион байгуулах бөгөөд үүнд Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр ажилладаг хувийн болон улсын 25-30 компанийн төлөөлөл ирж уулзах юм байна.