Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо армийн дэмжлэгийг авч чадаагүйгээ хүлээн зөвшөөрөв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо ерөнхийлөгч Николас Мадурог зайлуулах тэмцэлдээ армийн хангалттай дэмжлэг авч чадаагүйгээ өчигдөр хүлээн зөвшөөрчээ.

Мягмар гарагт тус улсын нийслэл Каракаст эхэлсэн тэмцлийг Мадурогийн дэглэмийг унагах үйл явцын “сүүлчийн шат” гэж тэр нэрлэж байсан юм.

“Өчигдрийн тэмцэлд армийн алба хаагчдаас хангалттай хүн нэгдээгүйг бид хүлээн зөвшөөрч байна. Бид мөргөлдөөнд уриалаагүй. Бид тэднийг зүгээр л ард түмний талд орохыг хүссэн юм” гэж тэр ярьжээ.

Гуаидо армиас гадна Венесуэлийн төрийн албан хаагчдыг тэмцэлд нэгдэхийг өчигдөр уриалсан байна.

Мягмар гарагт Каракаст гарсан мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн бэртэж, шархдсан тухай Венесуэлийн Нийгмийн Зөрчлийн Хяналт хараат бус байгууллага мэдээлжээ.

Human Right Watch олон улсын байгууллага жагсагчдын эсрэг цэргүүд резинэн сум хэрэглэснийг батлаад нийтдээ 168 хүнийг баривчилсан тухай мэдээлсэн байна.

Мягмар гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгч Мадурог эх орноосоо Куба руу дүрвэхээр бэлдэж байсан ч Оросын засгийн газрын ятгаснаар Венесуэльд үлдсэн гэж мэдээлсэн юм.

Энэ мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн яам үгүйсгэж, худал мэдээлэл тарааж, мэдээллийн дайн явуулж байгаа Вашингтоныг буруутгасан байна.

Лхагва гарагт Майк Помпео ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьжээ. Энэ үеэр Венесуэлийн дотоод хэрэгт оролцохгүй байхыг Оросын тал АНУ-д уриалж, Вашингтон хариуд нь ОХУ, Кубын оролцоо Венесуэлийн улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгож байна хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: CNN