Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч материалыг пуужин бүтээхэд ашигласнаас NASA $700 саяын хохирол амсжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн хоёр ширхэг Taurus пуужин 2009, 2011 онуудад хиймэл дагуул тойрог замд хүргэхээр хөөрсөн ч үүргээ биелүүлж чадалгүй бүтэлгүйтэж байв.

29 метр урттай пуужингууд амжилттай хөөрсөн ч ачаатай хэсгийг эх биенээсээ салгах үйлдлийг гүйцэтгэж чадалгүй хоёул тээвэрлэж явсан хиймэл дагуулын хамт Номхон далайд унаж байжээ.

Хоёр пуужин, тэдгээрийн тээвэрлэж явсан хиймэл дагуулуудын өртгийг тооцвол NASA-гийн хохирол $700 сая гаруй болж байв.

Тэгвэл энэхүү осол нь ямар шалтгаантайг судалж тогтоосон тус байгууллага пуужингийн металл бэлдэцийг нийлүүлсэн Sapa Profiles Inc (SPI) компанийг шүүхэд өгөөд байна.

SPI нь шаардлагад нийцээгүй чанар муутай бэлдэцийг хуурамч сертификат ашиглан NASA-д нийлүүлсэн байна.

Үүний улмаас тэдний нийлүүлсэн материалаар үйлдвэрлэсэн пуужин нь ном ёсоор ажиллаж чадаагүй ажээ. Уг нь бага хэмжээний тэсрэлтийн үр дүнд пуужингийн хошуу хэсэг эх биеэсээ салах ёстой байсан ч хуурамч хөнгөнцагаан материалын нөлөөгөөр салж чадалгүй үлдсэн тул эцэстээ пуужин ачааны хамт унасан юм байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу SPI компани зөвхөн нэг буруутай үйлдлийнхээ төлөө $43 саяын хохирол барагдуулахаар болжээ. Гэхдээ SPI компани хоёр удаагийн осолд өөрийгөө бүтэн буруутайг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас маргаан үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Quartz