Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн илрүүлэлт зургаан хувиар өсжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээгээр манай улсад гэмт хэргийн илрүүлэлт 25 хувь байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэргийн илрүүлэлт ийнхүү өсөхөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Илрүүлэлт”, “Шийдвэрлэлтийг эрчимжүүлье”, “Сар шинэ”, “Бодис”, “Автомашин”, “Нэг хором” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, ард иргэдийн дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хулгай, дээрмийн хэрэг буурсан байна

Цагдаагийн байгууллага тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулснаар зарим эерэг үр дүн гарч байна. Тухайлбал,

Хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, иргэд, хуулийн этгээдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, өмч эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор 2019 оны хоёрдугаар сард “Сар шинэ-2019”, “Та сэргийлж чадна” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан нь оны эхний дөрөвдүгээр сард хулгайлах гэмт хэрэг 34.9 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 47 хувиар тус тус буурахад нөлөөлжээ.

Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором” аяныг улсын хэмжээнд 2019 оны гуравдугаар сард зохион байгуулсанаар дээрх төрлийн гэмт хэрэг 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

“Хулгайлах” болон “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг учраас эдгээр гэмт хэргийг бууруулах нь нийт гэмт хэргийн түвшинд шууд нөлөө үзүүлдэг ажээ.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв