Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амармөрөн: Төгсөгчид архидан согтуурсны улмаас хулгай, залилангийн гэмт хэргийн хохирогч болдог

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн баяр дөхөж буйтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Боловсролын газар, Монголын оюутны холбоотой хамтран "Эрдмийн баяр" арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулах гэж байна. Энэ жил их, дээд сургуулийн 20 мянга гаруй оюутан төгсөх бол нийслэлийн хэмжээнд 6,668 сурагч ерөнхий боловсролын сургуулийг төгсөнө.

Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Цагдаагийн газраас нийслэлийн ойролцоох амралтын газрууд, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаас гадна ахлах ангийн төгсөгчид, оюутнуудад нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах юм. 

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас боловсролын бүх шатны байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллахаа мэдэгдлээ. НМХГ-ын Улсын ахлах байцаагч н.Лхагвадулам "Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын хуудаст элсэлт, төгсөлттэй холбоотой үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, хүүхдүүдээс хууль бусаар төлбөр хураамж, хандив авахгүй байхаар заасан байдаг. 

Гэвч төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 40 гаруй хувьд хууль бус төлбөр, хураамжтай холбоотой зөрчил илэрч байна" гэв.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн "2018 онд "Эрдмийн баяр" арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хугацаанд нийслэлд 2,987 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 113 гэмт хэрэгт 151 оюутан, сурагч өртөж хохирсон байна. Харин долоон оюутан хулгай, дээрмийн гэмт хэрэг холбогдсон. Мөн 12 оюутан эрүүлжүүлэгдсэн.

Ийнхүү оюутнууд, ахлах ангийн төгсөгчид гэмт хэргийн хохирогч болж байгаа шалтгаан нь анги хамт олноороо архидан согтуурах, сургуулийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр амралт, зугаалганд явснаас хулгайн гэмт хэрэг, залилангийн гэмт хэргийн хохирогч болж байна" хэмээлээ.