Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мадуро төрийн эргэлт хийх оролдлогыг бут цохисноо зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Венесуэлийн нийслэлд гарсан төрийн эргэлт хийх оролдлогыг “бут цохисноо” тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өнөөдөр зарлажээ.

Төв телевизийн сувгаар ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Мадуро “улс орныг хүчирхийлэлд живүүлэх гэсэн жижиг бүлэглэлийг бут ниргэсэн” Венесуэлийн зэвсэгт хүчинд талархал илэрхийлсэн байна.

Тэрээр энэхүү оролдлогын цаад эзэд нь АНУ-ын засаг захиргааныхан гэж дүгнээд төрийн эргэлтийг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулахаар тусгай прокуроруудыг томилж байгаагаа зарлажээ.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидогийн суртал нэвтрүүлэгт автсан цөөн тооны цэргүүдийн 80 хувь нь сүүлд засгийн газрын талд буцаж орсон бөгөөд 20 орчим тооны офицер төрийн эргэлтэд оролцсоныг Мадуро мэдээлсэн байна.

Эцэст нь тэрээр Венесуэль улс Боливарын хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдэж, АНУ-ын дэмжлэгтэй барууныхантай үргэлжлүүлэн тэмцэхээ амлажээ.

Мадурогийн мэдэгдлийн өмнөхөн Хуан Гуаидо тэмцлээ үргэлжлүүлэхийг венесуэльчуудад уриалж, илүү олон армийн алба хаагчид тэмцэлд нэгдэхэд бэлэн байгааг сошиал сувгаар зарласан байна.

 

Эх сурвалж: Russia Today