Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас АТГ-ын даргад нэр дэвшиж буй З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ыг дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус байгууллагын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. 

АТГ-ын даргыг чөлөөлж, шинээр дарга, дэд даргыг томилох болсон шалтгааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

Тамгын газрын даргыг танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Нэр дэвшигчдийн хувьд асуудал алга. Харин томилгооны процедурын тухайд хэд хэдэн асуудал байна. 

Одоогийн даргыг чөлөөлсний дараа томилгоог хийх байх. Үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө УИХ-аас тогтоол гаргадаг. Тиймээс эхлээд тогтоол гарах уу? 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Хуулийн салаа утгатай асуудалд ҮХЦ ажлаа хиймээр байна. Энэ асуудлаар ҮХЦ-д хандсан. Жил гаруй хугацаа өнгөрч байна. ҮХЦ ажлаа хийгээгүйгээс болж ийм байдалд орж байна. УИХ-аас тайлбар явуулсан байгаа. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Томилдог байгууллагын хувьд чөлөөлөхөө давхар шийдсэн нь дээр байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. УИХ-аар томилогддог зургаан байгууллагын томилгооны дөрвийнх нь томилгоо салаа утгатай. Энэ асуудлыг Авлигын эсрэг хуулиар оруулж ирж байгаа. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Томилгооны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Иргэний нийгмийн байгууллагаас ямар ямар асуудал тавьсан. Тэр дагуу яаж ажиллах вэ гэдэгт ямар хариулт өгсөн талаараа дэлгэрэнгүй хариулт өгөөч.  

Нэр дэвшигч З.Дашдаваа: Миний бие өчигдөр нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. Иргэдийн зүгээс АТГ-ыг иргэдэд нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьж байсан. Томилогдсон тохиолдолд бүрэн боломжтой гэсэн хариулт өгсөн. Мөн нийгэмд дуулиан тарсан хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг асууж байсан. Ажлаа авсан тохиолдолд зохион байгуулалтыг сайжруулж ажиллана гэсэн. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд АТГ-ыг нээлттэй болгооч гэсэн хүсэлт тавьсан. Урьдчилан сэргийлэх ажлаа иргэдэд тулгуурлаж хийгээч гэсэн. Үүнийг томилогдсоны дараагаар хэрэгжүүлэх боломжтой. Нийгэмд дуулиан тарьсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн. Миний бие томилогдсон тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана гэсэн хариулт өгсөн. 

ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд: Олон нийт их буруу ойлголттой явдаг юм билээ. Авлигын индекс буурвал АТГ ажлаа хийж байна ихэсвэл муу хийж байна гэж ойлгоод байдаг. Авлигын индексийг бууруулах чинь ганцхан АТГ-ын хийдэг ажил биш. Авлигаас ангид байх чиглэлд явуулж буй бодлогын нийлбэр юм. Ганцхан АТГ зүтгээд авлигаас салж чадахгүй. Бүх нийтээрээ хамтрах хэрэгтэй. 
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалтаар хэрэгжиж, хийж байгаа ажил тэр бүр харагдахгүй байна. Яагаад дарга нар хэдэн зуун тэрбумаар байр аваад байгааг шалгадаггүй юм бэ. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: Хууль бусаар баяжих гэдгийг яаж тогтоох талаар ХОМ-т үнэлгээ, шинжилгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллийн дагуу шалгана. Манайх ХОМ-ыг аваад байгаа. Тэр хүнийг зарлагыг тооцдоггүй. Тухайн хүн нэг сая төгрөгийн цалинтай байж таван сая төгрөгийн хэрэгцээтэй байвал яах вэ. Хэрвээ томилогдвол энэ чиглэлээр ажиллая гэж бодож байгаа. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Хууль бусаар хөрөнгөжих гэдэг 2015 онд эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр орсон. Өмнө нь авлигын эсрэг хуульд заасан зөрчлийн шинжтэй агуулгатай байсан. Иргэд олон нийтийн зүгээс энэ заалт нь эрүүгийн хуульд байх ёстой гэж үзсэний үндсэн дээр оруулсан. Олсон хөрөнгө орлдогоо тайлбарлаж чадахгүй бол гэдэг заалттай. Энэ төрлийн гэмт хэрэг цөөн байгаа. Хэрэв томилогдвол цаашид энэ хэрэгт анхаарч, судалгаа мэдээллийг хийнэ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авснаар Ерөнхийлөгчийн санал болгож буй хоёр нэр дэвшигчийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтаар АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 84.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувиар тус тус дэмжив.