Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хаан гэргийгээ гурван удаа гуйсны эцэст гэрлэж байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы шинэ эзэн хаан Нарухитогийн Рэйва эриний он тоолол эхэлж байна.

1960 онд төрсөн Нарухито өмнөх эзэн хаан Акихитогийн ууган хүү юм. Тэрээр Токио болон Оксфордод түүхийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Японы хаан ширээг залгамжлагчдын дотроос анх удаа гадаадад боловсрол эзэмшсэн хүнд тооцогддог.

Нарухито Британид сургуулиа төгсөөд Японд эргэж ирснийхээ дараа 1986 онд Испаний гүнжид зориулсан хүлээн авалт дээр дипломатч мэргэжилтэй Масако Овадатай танилцаж байжээ. 

Тэр цагаас хойш Нарухито хоёр удаа гэрлэх санал тавьсныг Масако хүлээж аваагүй бөгөөд 1992 онд гурав дахь удаагаа гуйхад нь зөвшөөрч, 1993 онд гэрлэсэн байна. Оксфорд, Харвардад өндөр боловсрол эзэмшсэн Масакод дипломатчаар ажиллах их хүсэл, ирээдүй байснаас Нарухитогийн гуйлтыг зөвшөөрөхгүй байсан гэдэг.

Хэвлэлд мэдээлснээр тухайн үед Нарухито “Эзэн хааны гэр бүлийн гишүүн болохоос айж, санаа зовж байгааг тань мэдэж байна. Гэхдээ би насан туршдаа чамайг хамгаалах болно” гэж Масакод амлаж байжээ.

Японы хаант ёсны уламжлалын дагуу угсаа залгамжлах нуган үр төрүүлэх дарамт шахалт өндөр байснаас Масако 1999 онд анхны хүүхдээ төрүүлж чадалгүй, зулбуулж байсан юм. Тухайн үед Масаког эмнэлэгт хүргэж яваа машиныг хэвлэлүүд нисдэг тэргээр дагаж байснаас харвал дарамт хэр хүчтэй байсныг мэдэж болно.

Дараа нь хосууд 2001 онд Айко охиноо төрүүлсэн нь тэдний цорын ганц хүүхэд болсон юм.

Хаан ширээг залгамжлах эрэгтэй хүнгүй болохдоо тулаад байсан тул 2006 онд тухайн үеийн Японы ерөнхий сайд байсан Жүничиро Койзуми эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрөх хуулийн төсөл боловсруулах гэж байгаагаа мэдэгдэж байжээ.

Гэвч удалгүй Нарухитогийн дүү ханхүү Фумихитогийн гэргий Кико эрэгтэй хүүхэд төрүүлснээр япончуудын сэтгэл амарч, эмэгтэй залгамжлагчийн сэдвийг нэг хэсэгтээ мартсан байна.

Одоо Нарухитогийн ард хаан ширээг залгамжлах хоёр хүн байгаа нь түүний дүү Фумихито, 12 настай зээ Хисахито нар нь юм. Хэрвээ Хисахито хожим эрэгтэй хүүхэдтэй болохгүй бол эмэгтэй залгамжлагчийн асуудал дахин сөхөгдөж магадгүй.

Нарухитогийн хаан сэнтийд залрах томоохон ёслол аравдугаар сарын 22-нд болохоор товлогдсон байгаа. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд дэлхийн 195 орны удирдагчид уригдаад байна.

 

Эх сурвалж: Insider