Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ын бизнес iPhone-ы борлуулалтаас хамаарахаа больжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн арав орчим жил iPhone нь Apple компанийн орлогын гол эх үүсвэр болж байв.

Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж байгааг тус компанийн сүүлийн улирлын тайлан харууллаа. Өчигдөр танилцуулсан тайланд өгүүлснээр Apple компанийн сүүлийн гурван сарын орлого $58.02 тэрбумд хүрч, Wall Street-ийн төсөөлж байсан $54.77 тэрбумыг давсан байна.

Гэхдээ тус компанийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ($61.1 тэрбум) 5 хувийн бууралттай байгаа.

Орлогын бүтцийг нь харвал iPhone-ын орлого $31 тэрбум байсан нь хамгийн том хэсэг хэвээр байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үед $38 тэрбумыг олж байсантай харьцуулахад 18 хувиар унаад байгаа.

Гэвч энэ бууралтыг Apple өөр орлогын эх үүсвэрээр нөхөж чаджээ. Энэ бол үйлчилгээний орлого юм. Үүнд аппликэйшн, кино, хөгжим, клауд, Apple Pay төлбөрийн шимтгэл зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байна. 

Нийлбэр дүнгээрээ эдгээр нь iPhone-ы дараа Apple-ын хоёр дахь том орлогын эх үүсвэр болж чаджээ.

iPhone-оос бусад бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын хэмжээ:

Үйлчилгээнээс олсон өнгөрсөн улирлын орлого нь $11.4 тэрбум болж, өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар огцом өссөн байна. Мөн сүүлийн таван улирлын турш тасралтгүй өссөн үр дүнтэй байгаа ажээ.

Хэрвээ үйлчилгээний бизнесийг нь бие даасан компани гэж үзвэл Fortune 500 тэргүүлэх компаниудын жагсаалтад 264 дүгээрт жагсахаар байна.

Хэрвээ өсөлт энэ хэвээр үргэлжилбэл Apple компанийн хамгийн том бизнес нь ямар нэг биет бүтээгдэхүүн биш, үйлчилгээ болох юм.

Ухаалаг гар утасны салбарын оргил үе өнгөрч байгаа энэ үед Apple компани бизнесийн шилжилтийг амжилттай хийж байгааг эндээс харж болохоор байна.

 

Эх сурвалж: Quartz