Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мадуро Венесуэлиэс зугтахаар бэлдэж байна уу?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагийн өглөө Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо сошиал сүлжээгээр мэдэгдэл хийхдээ Мадурогийн дэглэмийн эсрэг тэмцэл сүүлчийн шатандаа шилжиж, армийн цэргүүд өөрийнх нь талд орохоор болсныг зарласан байна.

“Үндэсний зэвсэгт хүчин түүхэн үйл явдлын зөв талд тэмцэх шийдвэр гаргалаа” гэж тэр зарлажээ. Гэвч арми ерөнхийлөгч Николас Мадурог хамгаалсан хэвээр байна.

Мягмар гарагт нийслэл Каракасын гудамжинд иргэд, зэвсэгт хүчний хооронд урьд өмнө болж байгаагүй ширүүн мөргөлдөөн үргэлжилж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Венесуэлийн эрүүл мэндийн яам улс даяар 69 хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлээд байна.

Мадурогийн дэглэмийн гол тулгуур болсон гурван албан тушаалтан босогчдыг дэмжихээр тохиролцсон тухай Гуаидо мэдээлж байсан. Гэвч одоогоор Мадурогийн талынхан бүгд Гуаидог төрийн эргэлт хийхийг санаархлаа хэмээн буруутгаж байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгч Мадурог улс орноосоо явахаар бэлдэж байгаа тухай мэдэгджээ. Тэрээр “Тэд нисэх онгоцоо бэлдээд байгаа. Өглөө Венесуэлиэс явах гэж байна гэж бид ойлгосон. Гэвч оросуудын ятгалгаар үлдсэн бололтой” гэж CNN сувагт ярьсан юм.

Мадурог Куба улс руу дүрвэхээр зэхэж байгаа гэсэн яриа гараад байна.

Гуаидогийн дурдсан гурван албан тушаалтан хэн болохыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нэрлэжээ. Тэдний нэг нь Венесуэлийн батлан хамгаалахын сайд Владимир Падрино гэнэ. Гэвч тэр өчигдөр үндэсний телевизийн сувгаар Мадурод үнэнч хэвээр байгаагаа мэдэгдсэн байна.

Болтоны нэрлэсэн бусад хүмүүс нь Дээд шүүхийн тэргүүн Майкел Морено, ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга Иван Рафаэл Эрнандез Дала нар ажээ.

Болтон тэднийг “Мадурогийн эрх мэдлийг тайван замаар сөрөг хүчинд шилжүүлэхэд туслахаар тохиролцсон” гэж мэдэгдсэн юм. Гэвч одоогоор ийм алхам хийгдэх шинж харагдахгүй байна.

Өчигдрийн үйл явдлын өрнөл үнэхээр Венесуэлийн улс төрд эргэлт гарах ойртсоныг харууллаа. Гэхдээ энэ орны хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй хэвээр байна.

 

Эх сурвалж: BBC