Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийнхээ сүүгээр хооллосон хүүхдүүдийн таргалах магадлал 25 хувь багасдагийг судалгаа харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Европын 16 орныг хамруулсан судалгааны үр дүнд эхийн сүүгээр хооллодог хүүхдүүдийн таргалах магадлал 25 хүртэл хувиар бага байдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тогтоожээ.

Судалгааг гүйцэтгэсэн мэргэжилтнүүд нярай хүүхдийг аль болох хөхний сүүгээр хооллож, эхийн сүүг орлуулагч тэжээлийг хэт сурталчлахаа багасгахыг эрх баригчдад зөвлөсөн байна.

“Хүүхдээ хөхөөр хооллох явдлыг дэмжих бодлогыг олноор хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнтэй зэрэгцэн орлуулагч тэжээлийг хэтрүүлэн сурталчлах явдлыг багасгах хэрэгтэй” гэж судалгааг ахалсан ДЭМБ-ын төлөөлөгч Жоа Бреда үр дүнгээ тайлбарлажээ.

Судалгаанд хамрагдсан Европын орнуудын эхчүүдийн дунджаар 77 орчим хувь нь хүүхдээ хөхний сүүгээр ямар нэг хэмжээнд хооллож байгааг ажиглалт харуулсан байна. Гэхдээ газар бүрт харилцан адилгүй байгаа гэнэ. Жишээ нь Ирландын эхчүүдийн 46 хувь нь хүүхдээ огт хөхүүлдэггүй гэсэн бол Францын эхчүүдийн 34 хувь нь ингэж хариулжээ.

ДЭМБ шинээр мэндэлсэн хүүхдийг доод тал нь зургаан сар хүртэл хугацаанд хөхүүлэх хэрэгтэйг зөвлөсөн байна.

Судалгаанд нийт 30,000 хүүхдийг хамруулахад эхийнхээ сүүг огт хөхөж байгаагүй хүүхдүүдийн 16.8 хувь нь, хааяа хөхдөг байсан хүүхдүүдийн 13.2 хувь, зургаан сараас дээш хугацаанд тогтмол хөхөж байсан хүүхдүүдийн 9.3 хувь нь илүүдэл жинтэй болж, таргалсныг тогтоожээ.

“Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд үнэхээр сайн нөлөөтэй. Баталгаа нь энэ байна. Ач холбогдол нь онцгой сайн байгаа учраас бид хүмүүст уриалах ёстой” гэж Жоа Бреда ярьж байна.

 

Эх сурвалж: The Guardian