Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Аюуш: Арилжааны банканд байгаа чанаргүй зээлийг Актив удирдлагын хуулиар зохицуулна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зээлийн хүүг бууруулах, түүнийг үүсгэхэд нөлөөлж байгаа чанаргүй зээлийг шийдвэрлэх асуудал нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал тул нэн яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг билээ.

Тиймээс чанаргүй зээлийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулсан ба тавдугаар сард багтан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Энэхүү хуулийн төслийн ач холбогдлын талаар Монголбанкны хууль эрх зүйн газрын захирал Д.Аюушаас тодрууллаа.

- Манай улсад үүсээд буй чанаргүй зээл нь банкны секторт ямар эрсдэлүүдийг дагуулж байна вэ?

- Өнөөдрийн байдлаар чанаргүй зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ 1.8 их наяд байна. Банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж өсөх хандлагатай болсон нь банкаас олгох зээлийн хэмжээг бууруулж, санхүүгийн  зуучлалыг  зогсонги байдалд оруулан, эдийн засгийн  идэвхжлийг сулруулах, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах зэрэг сөрөг нөлөөтэй.

Өөрөөр хэлбэл, чанаргүй зээлээс болж банкуудын санхүүгийн зуучлал буюу зах зээл рүү нийлүүлэх мөнгө нь зогсонги байдалд орж байгаа хэрэг.

Эдгээр асуудлаас сэргийлэн чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулсан.

- Тус хуулийн төслийн гол үр дүн нь юу байх вэ?

- Чанаргүй зээлийг барагдуулахын тулд банкуудын шүүх, шийдвэр гүйцэтгэх зэрэг  хуулийн үйл ажиллагааны зардал нэмэгддэг. 2018 онд хийгдсэн судалгаагаар 22,000 удаа чанаргүй зээлтэй холбоотой шүүх хурал хойшилсон байдаг. Эдгээрээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшилсон нь 2,000 байх жишээтэй. Нэг шүүх хурал нь дунджаар 10 удаа хойшилно гэдэг нь их хугацаа алдаж байгаа юм.

Тэгэхээр Активын удирдлагын тухай хуулийн гол амин сүнс нь нэгдүгээрт, шүүх, шийдвэр гүйцэтгэх процедурын хугацааг богиносгож 1.5 жил болгох, хялбаршуулах. Хоёрдугаарт, бүх төрлийн татвараас чөлөөлөх явдал. Нэгэнт чанартгүйтчихсэн зээлээс олон төрлийн татвар аваад байвал зардал асна. 

Арилжааны банкан дээр байгаа чанаргүй зээлийг Актив удирдлагын компани хямдруулж авснаар эрсдлийн санг нь бууруулж буй хэрэг. 

1.8 их наядын чанаргүй зээлийн асуудлыг бүгдийг нь цэвэрлэнэ гэвэл 2 их наяд төгрөгийн компани байгуулах шаардлагатай. Гэхдээ энэ мөнгөн дүнг эхний ээлжинд хэд байвал болох талаар бид ярилцаж байна. Өөр нэг зүйл нь бид төслөө хийхдээ засгийн газар 20 хувьд нь, хувийн сектор 80 хувьд нь хөрөнгө оруулахаар оруулж өгсөн.

- Засгийн газрыг заавал оруулах шаардлагатай гэж үү?

- Засгийн газар хөрөнгө оруулснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх юм. 

- Актив удирдлагын тухай хууль батлагдсанаараа зээлийн хүүд нөлөөлөх нөлөөлөл юу байх вэ?

- Зээлийн хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Эдгээр хүчин зүйлийн нэг нь банк хямд зээл гаргахын тулд хямд эх үүсвэр гаргах ёстой. Тэгснээр тухайн банкны үйл ажиллагааны зардал багасаж, дагаад эрсдэл нь ч багасна. Ингэснээр зээлийн хүүд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

- Тиймээс банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Актив Удирдлагын Компанийг байгуулагдах юм байна тийм үү?

- Тийм. Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг хүрэх, зээлийн эргэн төлөлтийн явц хурдсаж, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжих, чанаргүй зээлийг шийдвэрлэх замаар зээлийн хүүг бууруулах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай. Энэ хуулийн төслийг 2015 оноос ярьж эхэлсэн. Манай улсад хууль хэрэгжихэд гажилт үүсдэг муу талтай.