Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Исламын Улс” бүлэглэлийн тэргүүн таван жилийн дараа ил гарав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Исламын Улс” террорист байгууллагын тэргүүн гэгддэг Абу Бакр Аль-Багдади өчигдөр буюу Даваа гарагт тус бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн дүрс бичлэгт ил гарсан байна.

Тэр хамгийн сүүлд 2014 онд Иракийн Мосул хотын сүмээс мэдэгдэл хийж байгаагаар олны өмнө ил гарч байсан юм. Энэ удаа Аль-Багдади нүүрийг нь нууцалсан гурван хүнтэй ярилцаж суугаагаар дүрслэгдсэн байна.

 

Аль-Багдадигийн толгойг $25 саяар үнэлээд байгаа нь түүнийг өнөөдөр дэлхийн хамгийн том эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээд болгож байна.

Өчигдөр тараасан видео дүрсэнд тэрээр “Исламын Улс” бүлэглэлээ Сирид бут цохигдсоныг хүлээн зөвшөөрсөн боловч “Загалмайтнуудын эсрэг Исламын дайн бол урт удаан хугацаанд үргэлжлэх тэмцэл юм” гээд өшөө авах террорист ажиллагаагаа үргэлжлүүлэхийг батлан ярьжээ.

Тэр бас саяхан Шри Ланкад гарсан халдлагын талаар хэлэлцэж байгаагаар дүрслэгдсэн байна.

Шри Ланкын нийслэлд гарсан цуврал дэлбэрэлтүүдийн улмаас 250 гаруй хүний амь үрэгдээд байгаа. Уг халдлагыг зохион байгуулснаа “Исламын Улс” бүлэглэл хүлээн зөвшөөрсөн юм.

Террорист байгууллагын бэлгэдэл болсон энэ нууцлаг хүний хойноос Америк, Орос, Сири, Ирак, Курдын цэргүүд хөөцөлдсөөр байна. Өнгөрсөн хугацаанд түүнийг тулааны үеэр амь үрэгдсэн тухай мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан ч батлагдаагүй юм.

 

Эх сурвалж: Associated Press