Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эсрэг гэмт хэргийг хөндлөнгийн гэрчүүд мэдээлэх нь ихэсжээ

М.Үүрийнтуяа, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 30
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Хүүхдийн эрхийн хамгаалал-Үжин төв”-д амьдарч буй 12 настай охин асрагч ээждээ зориулж

“Эх хүн гэдэг эгэл бус эмэгтэй 
Эрж хайгаад оломгүй 
Энэ хорвоогийн амьд бурхан 
Хийж бүтээхдээ хэрсүү 
Хэнээс ч илүү мундаг
Миний л ээж
Миний ганц нар билээ" хэмээн шүлэглэж сууна. 

Энэ төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулагдсанаас хойш 13 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тэднээс зургаа нь эргэж гэртээ очсон бол долоо нь эмч, сэтгэл зүйч, зохицуулагч багш нарынхаа зөвлөгөө, сэтгэлийн дэмийн ачаар сурч, боловсорч байгаа аж.

Энэ талаар ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Нийгмийг цочроосон гэмт хэрэг болох хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор нөхөн сэргээх эмчилгээ дутмаг байдаг. Энэ төрлийн хэрэг урт хугацаанд явагддаг бөгөөд ураг төрлийн буюу хамаарал бүхий этгээдтэй холбоотойгоор үйлдэгддэг нь асуудал болдог. Хүүхдийг хамгаалах зорилгоор “Үжин төв”-ийг байгуулснаас хойш жилийн хугацаанд нэлээд ахиц гарч байна.

Тухайлбал, энэ төвд 90 хоногийн хугацаанд байлгаж, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх ёстой хүүхдэд 74 хоног дээр нь ажиглалтын аргаар судалгаа хийсэн юм. Сэтгэлзүйн сорил авахад том байшин зураад энэ байшиндаа эрх нь зөрчигдөж байгаа олон хүүхдийг асарч хамгаална. Нүүр будагч буюу артист болоод дүү нараа хөөрхөн болгоно гээд гэгээлэг мөрөөдлүүдтэй болсноос эхлээд сэтгэл зүйн болоод оюун санааны байдал нь илтэд дээшилж байгаа нь мэдрэгдэж байсан” гэв.

Тус төвийн зохицуулагч С.Буянхишигийн хэлж байгаагаар хүүхдүүдэд 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 7-17 насны хүүхдүүд “Үжин төв”-д амьдарч байгаа аж. Сэтгэлзүй нь тогтворжих хүртэл хүүхдүүд гэр бүлээ санаж, үгүйлдэггүй учраас өөрсдөө гаргасан хуваарийн дагуу гэр бүл рүүгээ утсаар ярьдаг бөгөөд сэтгэлзүйг нь тогтвортой байлгах үүднээс биедээ гар утас авч явахыг хориглодог аж.

Хүүхдүүдийн хувьд хамгаалах төвийнхөө багш, хамт амьдардаг хүүхдүүдтэйгээ элэгсэг дотно байж, сэтгэл санаагаа хуваалцсанаараа ямар эерэг өөрчлөлт гарч байгаа болон мөрөөдлийнхөө талаар хуваалцаж байлаа. Эцэг, эхийн анхаарал сул, хайхрамжгүй байдлын улмаас жаахан бие, балчир оюундаа багтамгүй их ачааг даван туулж яваа хүүхдүүдийг харахад өр өвдөж, зүрх шимширнэ. 

Ингээд “Үжин төв”-өөс эхлүүлээд “Өнөр бүл хүүхдийн төв”, “Хүүхдийн тусламжийн утас-108”, “Түр хамгаалах байр”-ны нөхцөл байдалтай танилцсанаа тоймлон хүргэе. Улсын хэмжээнд 21 байгууллагын 31 асрамж, халамжийн төвд нэг мянга орчим хүүхэд амьдарч байна. Үүний 20 гаруй хувьд нь “Өнөр бүл хүүхдийн төв” хүрч үйлчилдэг бөгөөд улсын төсвөөр санхүүждэг хамгийн том асаргаа, халамжийн төв юм.

Дээр дурдсан “Үжин төв”-өөс ялгаатай нь төрөл бүрийн шалтгаанаар асаргаа, халамж шаардсан хүүхдүүд “Өнөр бүл” төвд амьдарч байна. Асаргаа, халамжийн төвүүдэд нийт 82 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардаг ажээ. Эдгээрээс насан туршдаа асаргаанд байх шаардлагатай нь ч бий.

Энэ талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн захирал М.Өлзийчимэг “2017 оны есдүгээр сараас эхлэн бүх өрөөгөө гэр бүлийн орчинг бүрдүүлэх зорилгоор тохижуулж эхэлсэн. Манай төв нийт 188 хүүхдийг хамруулж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 24 сургууль, цэцэрлэгээр дамжуулж боловсрол эзэмшиж байна. Есөн хүүхэд л цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас боловсролд хамрагдаж чадаагүй байгаа.

Үнэлгээнээс хамаарч хүүхдүүд ирж бас гэртээ буцах нь байдаг учраас хүүхдийн тоо хэлбэлзэлтэй. Харин хөгжлийн бэрхшээлтэй 32 хүүхэд бий, тэднээс тусгай асаргаа шаардах хүүхдүүд мэдээж байгаа” гэв.

Харин “Хүүхдийн тусламжийн утас-108” төвийн хүүхдийг түр хамгаалах байранд санасныг бодоход бага насны хүүхдүүд олон ирдэг байна. Хоёр ой ч хүрээгүй хүүхдээс эхлээд цэцэрлэгийн насныхан, дунд ангийн баймаар 32 хүүхэд энд хамгаалалтад байна. Тэднээс зургаан хүүхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д эмчлүүлж байгаа аж. Түр хамгаалах байрны зохицуулагч Г.Шүрэнчимэг “Хүүхэд гэдэг өөрөө хөгжиж байгаа үйл явц учраас энэ үедээ ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөнөөр хөгжилд саад учрах, сэтгэцийн өөрчлөлт, хямрал үүсэх, хоолноос авах шим тэжээл дутах зэргээр асуудал үүсэж болзошгүй, маш эмзэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харилцаа ихээхэн чухал байдаг. Хүүхэд бүрт тулгамдсан асуудал өөр өөр учир шийдэхэд харилцан адилгүй хугацаа ордог” гэсэн юм.

Тус төв өнгөрсөн онд нэг мянга орчим хүүхдэд түр хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Бэрхшээлийн хувьд хамгийн эмзэг буюу гурав хүртэлх насны хүүхдэд хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотойгоор тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, сувиллын тоо хүрэлцээгүй байдаг аж. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг эдгээр төвд нийтлэг зүйлс ажиглагдаж байлаа.

Энэ гурван төв гурвуулаа хүүхдэд зориулсан орчныг бүрдүүлэхийг эрхэмлэжээ. Үүднээсээ эхлээд л үлгэрийн баатрууд, хүүхдийн анхаарлыг татахуйц зургаар эргэн тойрныг чимсэн бөгөөд “Үжин төв”-д гэхэд хүүхдүүд унтлагын өрөөгөө өөрсдөө чимэглэж, орныхоо харалдаа ханан дээр зорилго, мөрөөдөл, төлөвлөгөө, хайртай гэр бүлийнхээ болон өөрийнхөө зурагнаас нааж чимэглэсэн нь анхаарал татаж байлаа.

Эргэн тойронд афоризм буюу мэргэн үгнүүдээс цаасан дээр бичиж наасан харагдана. Гал тогоогоо ч айл гэрийн гал тогоо байдлаар тохижуулжээ. Амрах өрөөний ханын цагаа цаасан аягануудаар тойруулж, цэцэг шиг болгон чимэглэсэн нь сонирхолтой байв. Яг л айлд орж байгаа мэт сэтгэгдэл төрснийг нуух юун. Энэ мэт хүүхдийг хөгжүүлэх талаас нь анхаарч ажилладаг бас нэгэн тод жишээг “Өнөр бүл” хүүхдийн төвөөс харж болно.

Тус төвд 10 хүүхдийг нэг “ээж багш” хариуцдаг. Багшийгаа “ээжээ” хэмээн хүндэлж харьцдаг байна. Мөн асаргаа, халамжид байдаг хүүхдүүд өөрсдөө бие даан аливаа үйлдлийг хийдэггүй учраас том болоод олон нийтийн дунд харилцах, биеэ авч явах чадвар сул байх тал ажиглагддаг байна. Иймээс сүүлийн жилүүдэд хүүхдийг бие даан хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа гэдгээ тус төвийн захирал хэлэв.

Өмнө нь тогоочийн бэлдэж өгсөн хоолыг нийтээрээ иддэг байсан бол одоо өрөө тус бүртээ долоо хоногийн хүнсээ бэлтгүүлж аваад, өөрсдөө хоолоо хийж иддэг болжээ. Хүүхдүүд бэлэн мөнгө хэрэглэдэггүй учраас мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй, бэлэн өгсөн зүйлсийг үнэгүй мэт хаядаг байсан бол “Өнөр бүл” төвийн тамгатай цаасан мөнгийг хэвлүүлснээр мөнгийг ашиглаж, зөв зарцуулж сургажээ.

Тус төв доторх “Өргөө” гэх нэртэй жижиг дэлгүүрээс нэг хүүхэд өдөрт 1,500 төгрөгийн хүнсний худалдан авалт хийдэг бөгөөд cap бүр 20 мянган төгрөгөөр худалдан авалт хийх дотоод журамтай байдаг аж.

Худалдан авалт хийхдээ үйлчлүүлэгч хүүхэд нэг төрлийн зүйлээс нэг л удаа авна, мөнгөө зөв зүйтэй зарцуулж, хуримтлал бий болгоно, хүүхдэд зөвхөн өөрт нь үйлчилнэ, ёс зүйтэй, соёлтой худалдан авалт хийнэ зэрэг журмыг баримталдаг аж. Ганцхан жижиг мухлагийн дотоод журмаар төлөөлүүлж энэ асаргаа, халамжийн төвийн үйл ажиллагааны эмх цэгцийг харуулахыг зорилоо. Тус төв “Хог бол баялаг” уриан дор нэгдэж, хийсэн бүтээлээрээ шалгараад 250 мянган төгрөгийн шагнал авчээ.

Шагналынхаа 200 мянган төгрөгөөр нь материал авч, өөрсдөө эко даавуун тор хийгээд дэлгүүртээ зардаг байна. Сонирхуулахад, “Өнөр бүл” төвд интернет ашиглах өрөө, номын сан, чийрэгжилтийн өрөө, зургийн дугуйлан, шүдний эмнэлэг хүртэл байлаа. Тухайлбал, зургийн дугуйланд бүртгэлтэй 45 хүүхэд, давхардсан тоогоор 60 гаруй хүүхэд зураг хэмээх их урлагаар дамжуулан сэтгэлээ илэрхийлж, тайтгарал авдаг байна. Тус төвөөс өнгөрсөн онд нийт 130 бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

Мөн ажиглагдсан нийтлэг зүйл гэвэл асаргаа, халамжийн төвийн багш, ажиллагсад халуун дулаан, чин сэтгэлээр ажлаа хийдэг байна. Энэ талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ээж багш Ц.Сэргэлэн хэлэхдээ “8-16 насны 10 хүүхэд хариуцаж ажилладаг. Хүүхдүүд маань өглөө, өдөр хоёр ээлжээр хичээллэдэг. Хуваарилсан цэсний дагуу ээлжилж хоолоо хийдэг. Өсвөр насны хүүхдүүд учир зан ааш тогтворгүй, заримдаа уурласан, гомдсон, баярласан байдаг.

Аль болох сэтгэл санааг нь тайвшруулж, хамтдаа ажиллахыг хичээдэг. Хариуцаж байгаа хүүхдүүд дунд хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий” гэсэн юм. Асаргаа, халамжийн төвүүдэд ирж байгаа хүүхдүүд ихэвчлэн “Хүүхдийн тусламжийн утас-108” төвд анх хандаж байжээ.

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар хөндлөнгийн хүн мэдээлэх нь сүүлийн гурван жилд эрчимтэй өсөж байгаа аж. Тухайлбал, 2016 онд энэ тоо 29 хувь, 2017 онд 46 хувь, 2018 онд 54 хувь болж өсжээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар мэдсээр байж мэдээлэх үүргээ биелүүлээгүй иргэнд 200 мянган төгрөгийн тор-гууль ногдуулах журам байдаг аж.

“Хүүхдийн тусламжийн утас-108” төвд энгийн өдөрт дунджаар 500-550 дуудлага ирдэг бол баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд энэ дуудлагын тоо эрс нэмэгддэг байна.

Өгсөн дуудлагын мөрөөр очиж, нөхцөл байдалд үнэлгээ хийгээд, үнэлгээ нь дундаас дээш түвшинд хүрсэн гэж үзвэл заавал эцэг, эхээс зөвшөөрөл авалгүйгээр хамгаалах төвд авчирдаг байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчил, мэдээлэл, зөвлөгөө, бусад гэсэн таван төрлөөр дуудлагыг ангилдаг гэнэ. Ийнхүү хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж.

Зураг