Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Оросуудад Украины паспорт олгох Зеленскийн санааг Путин дэмжив

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Орос, Украин улсуудын удирдагчдын хооронд иргэний харьяалалтай холбоотой маргаан үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин салан тусгаарлаад байгаа Украины дорнод бүсийн оршин суугчдад өөрийн улсын иргэний паспортыг түргэвчилсэн горимоор олгох журмыг баталсан юм.

Дараа нь Бямба гарагт Бээжинд хэвлэлийн хурал хийхдээ тэрээр энэхүү журмыг Украины бүх иргэдэд үйлчлэх боломжтой талаар мэдэгджээ.

Харин Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялаад байгаа Володимир Зеленский хариуд нь Украин бол эрх чөлөөтэй улс орон тул иргэд нь дарангуйлагч дэглэмтэй Оросын иргэн болохыг хүсэхгүй гэж фэйсбүүк хуудсандаа мэдэгдсэн юм.

Эсрэгээрээ Украины иргэн болж, эрх чөлөөт нийгэмд амьдрахыг илүүд үзэх магадлалтай тул оросуудад иргэний паспорт олгоход бэлэн гэж тэр бичсэн байна.

Тэгвэл өчигдөр буюу Даваа гарагт Владимир Путин түүний хэлсэн үгний талаар байр сууриа илэрхийлжээ.

Сэтгүүлчийг Зеленскийн хэлсэн үгний талаар асуухад Путин “Тэр ингэж хэлсэн юм уу? Надад бол таатай сонсогдож байна. Орос болон украин хүмүүс хоорондоо маш адилхан гэдэг дээр бидний санал нэг байгаа юм байна. Хэрвээ иргэний нэгдсэн харьяалалтай болвол Украин, Орос хүмүүст аль алинд нь ашигтай. Бид хамтдаа улам хүчтэй, улам амжилттай хөгжих болно” гэж хариулсан байна.

Зеленский үнэхээр Украины эрх чөлөөт нийгмээр бахархдаг юм бол Михайл Саакашвилигийн иргэний харьяалалыг нэн түрүүнд сэргээх хэрэгтэй гэж тэр бас хэлжээ. Гүржийн ерөнхийлөгч байсан Саакашвили 2014 онд Украины иргэн болсон ч сүүлд одоогийн ерөнхийлөгч Петро Порошенкотой хагаралдсаны улмаас иргэншлээ хураалгасан юм. 

“Саакашвили иргэншлээ хууль бусаар цуцлуулж, эх орноосоо хууль бусаар хөөгдсөн. Түүний зөрчигдсөн эрхийг дахин сэргээх хэрэгтэй. Киевийн дэглэмд гадуурхагдсан бусад украин хүмүүсийн эрхийг ч гэсэн” хэмээн Путин хэлжээ.

 

Эх сурвалж: Russia Today