Эрх баригч намын бүлэг өчигдөр хуралдаж, АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Энэ асуудал өнөөдөр холбогдох байнгын хороогоор орж, энэ долоо хоногийн сүүлчээр чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм.
Гэхдээ АТГ-ын дарга нарын томилгоонд хуулийн хүрээнд ойлгомжгүй байдал үүсээд байна. Тухайлбал, АТГ-ын даргыг парламент чөлөөлж, томилох хуулийн заалттай. Гэтэл одоогийн дарга Х.Энхжаргалыг УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй байгаа. Зүй нь бол өмнөх албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараагаар Ерөнхийлөгч томилох хүнээ санал болгож, парламент түүнийг нь хэлэлцээд явах учиртай. Энгийнээр бодсон ч аливаа томилгоо ийм л дарааллаар явдаг. Гэтэл чөлөөлөх асуудлыг нь шийдэхгүйгээр шууд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж оруулж ирсэн хүмүүсийг дэмжиж эхэлсэн нь УИХ өөрийн гэсэн чадамжгүй, толгойгүй, хүний үгээр хөдөлдөг болохоо л харуулж байгаа хэрэг. Парламент Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар очвол унах нөхцөл байдал үүснэ л дээ.
Ер нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч УИХ-д санал хүргүүлж байсан ч Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буцааж байсан удаатай. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлж байв. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзжээ. Тиймээс АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байна гэжээ. Энэхүү албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авсан. Тэрбээр хуулийн хүрээнд эхлээд АТГ-ын даргын чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ, дараа нь томилохыг ярина гээд сууж байх бүрэн эрхтэй хүн. Гэтэл энэ мэтчилэн олон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар бууж өгдөг боллоо.
Ийнхүү эрх баригчид хууль зөрчөөд ч хамаагүй, Ерөнхийлөгчийн саналыг л эхний ээлжинд биелүүлэх нь зүйтэй гэж үздэг болсон нь энэ асуудал дээр ч ажиглагдаж байна. МАН-ын бүлгийг олонх АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарыг дэмжсэн. Тэдний талаар товч танилцуулъя.
З.Дашдаваа нь одоогоор ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан байдаг.
Харин АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга, 2016-2017 оны хооронд ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан байна.