Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

2018 онд ОХУ-ын батлан хамгаалах зардал хорогдож, хөршүүдийнх нь нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шведийн SIPRI (Stockholm Peace Research Institute) судалгааны байгууллага 2018 онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах үйлсэд гаргасан зардлыг өнөөдөр танилцуулжээ.

2018 онд дэлхий нийтээр цэрэг зэвсэгт $1.822 их наядыг зарцуулсан нь өмнөх оноос 2.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хамгийн өндөр зардал гаргасан таван улс нь АНУ, Хятад, Саудын Араб, Энэтхэг, Франц болжээ.

ОХУ-ын цэрэг, зэвсгийн зардал өмнөх оноосоо 3.5 хувиар буурснаар $61.4 тэрбумтай зургаадугаарт жагссан байна.

АНУ-ын зардал 6.4 хувиар өсөж $649 тэрбумд хүрсэн нь 2010 оноос хойш анх удаа өссөн жил байжээ. Тус улсын батлан хамгаалах зардал ардаа жагссан найман улсын зардлыг нийлүүлсэнтэй тэнцэж байна.

Хоёрдугаарт орсон Хятад улсын зардал 2018 онд 5 хувиар өсөж, $250 тэрбумд хүрчээ. Хятадын цэрэг зэвсгийн зардал сүүлийн 24 жил дараалан өсөөд байгаа нь энэ юм. Зөвхөн АНУ, Хятадын батлан хамгаалах зардал дэлхийн бусад бүх улсын зардлын нийлбэртэй тэнцэж байна.

Бүс нутгаар нь харвал зүүн Европын улс орнуудын батлан хамгаалах зардал нийтээрээ өндөр өсөлттэй байсан нь Оросын түрэмгийллээс болгоомжилсны илрэл гэж тус судалгаанд тайлбарлажээ.

Тухайлбал Украины зардал 2018 онд 21 хувиар өсөж, $4.8 тэрбумд хүрсэн байна. Энэ нь Болгар, Румын, Латви, Литви улсуудын өсөлтийн дундаж хувьтай (18-24 хувь) ойролцоо байгаа юм. Харин Польш улс өнгөрсөн онд батлан хамгаалах зардлаа 8.9 хувь өсгөж $11.6 тэрбумд хүргэсэн байна.

 

Эх сурвалж: SIPRI