Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тусгай тасгийн командлагч Иракт дайны гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө шийтгүүлэх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн хүчний тусгай тасгийн командлагч Эдвард Галлагерын үйлдсэн дайны гэмт хэргийг шүүх өдөр товлогджээ.

Одоо 39 настай, Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан Галлагерыг тавдугаар сарын 28-ны өдөр Сан Диего дахь баазад цэргийн шүүхээр оруулах юм.

Тэрээр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тэнд хоригдож байгаа. Энгийн номхон иргэдийн амийг санаатай бүрэлгэж байсан Галлагер зарим Америкчуудын хувьд үндэсний баатар гэгдэж байна.

Тухайлбал Бүгд Найрамдах намын 40 орчим конгрессийн гишүүн нээлттэй захидал бичиж, Галлагерыг шүүх хурал хүртэл нь суллахыг уриалж байв. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүний эх орондоо байгуулсан гавьяаг харгалзаж үзээд шүүх хурал хүртэл нь энгийн дэглэмтэй хорих ангид шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байжээ.

Иракийн умард бүсийн Мосул хотод үүрэг гүйцэтгэж байхдаа 2017 онд Галлагер олон тооны энгийн иргэдийн амь насыг бүрэлгэсэн байна. Тухайн үед АНУ-ын тусгай тасгийнхан Иракийн цэрэгтэй хамтран Мосул хотыг Исламын Улс бүлэглэлээс чөлөөлөхөөр байлдаж байв.

Галлагерын удирдлагад байсан цэргүүд командлагчийнхаа харгис үйлдлийн талаар дээд удирдлагадаа хэд хэдэн удаа мэдээлж байсан юм. Үүнийхээ төлөө тэд дээд удирдлагаасаа дарамт шахалт амсаж байсан ч эцэст нь армийн дээд командлалын чихэнд хүргэснээр Галлагерыг шалгах ажил эхэлсэн байна.

Энгийн иргэдийг алуулахгүйн тулд цэргүүд нь командлагчийнхаа бууны дуран харааг гажуудуулан өөрчилж, гал нээхээс нь өмнө иргэдэд анхааруулж хий бууддаг байсан тухай шүүхийн бичиг баримтад өгүүлжээ.

Галлагерын хэргийг мөрдөн шалгасан тусгай агент Жо Варпински “Цэргүүд нь Исламын Улсынхантай байлдахаасаа илүү их цагийг энгийн иргэдийг командлагчаасаа хамгаалахад зарцуулж байжээ” гэж дүгнэсэн байна.

Тухайлбал Галлагер 2017 оны тавдугаар сард шархдаад олзлогдсон Исламын Улс бүлэглэлийн гишүүн 15 настай хүүг эмчилж байхад нь хутгалан хөнөөж байжээ.

Улмаар тэр хүүгийн тасалсан толгойг барьж зогсоод зургаа авхуулсан байна.

Галлагерын үйлдсэн гэмт хэргийн ийм баримтуудыг нуун дарагдуулсан дээд тушаалын зарим офицер мөн шийтгүүлэхээр болоод байгаа юм.

Одоо Галлагерт хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн, хүний аминд халдахыг завдсан, мөрдөх ажиллагаанд саад учруулсан зэрэг ял тулгаад байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол тэр үлдсэн бүх насаа шоронд хоригдож өнгөрөөх юм.

 

Эх сурвалж: AFP