Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Нүүрсээ далайн боомт руу тээвэрлэх туршилтын ачилт энэ зун эхэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад амжилттай оролцон эх орондоо ирээд байгаа билээ. 

Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч тус улсын Цаофэйдиен далайн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгаас нүүрсний экспорттой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

Ташрамд дурдахад, Цаофэйдиен боомт нь Хөбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүсэд багтдаг.

Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дамжуулан дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм. Цаофэйдиен боомт нь БНХАУ-ын төдийгүй дэлхийн хамгийн том нүүрсний боомтуудын нэг, Бохайн тэнгисийн боомтууд дээрх нүүрсний үнийн индексийг тодорхойлдог нүүрсний арилжааны төв болж байгаа тул Монголын нүүрсийг БНХАУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах үндсэн боомт болно гэж манай зүгээс үзэж байна.

 -Манай нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах гарц нь Цаофэйдиен боомт гэж харж байгаа юм байна. Тийм үү? 

-Айлчлалын нэг гол сэдэв бол энэ далайн боомтын асуудал. Та бүхэн санаж байгаа байх. ОХУ-ын Владивостокт болсон уулзалтаар тэндхийн боомтуудтай холбоотой асуудлыг ярьж байсан. ОХУ-аар дамжин өнгөрөх манай ачаа эргэлтэд 25 жилийн хөнгөлөлт үзүүлсэн. 

Харин одоо бид урд хөршийн Цаофэйдиен гэдэг нэлээн шинэчлэл хийгдсэн боомтод ирээд байна.

 

Хоёр хөршөөрөө дамжуулж өөрсдийн баялгийг бусад орон руу гаргаж, үнэ хүргэж зарах боломжийг судалж байна. Энэ хүрээнд эхний туршилтын ачилтуудыг хийж эхэлнэ. 

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг хил гаргаад 268 км-ийн цаана зарах уу эсвэл боомт руу гаргах уу гэдгийг газар дээр нь ирж судалж, танилцаж байна.

Уг боомтыг том зах зээлтэй, боломжийн болохыг нь танилцуулж байсан.

Энд байгаа нүүрс нь коксжсон буюу манай Тавантолгойн нүүрснээс чанартай учраас зах зээлд эрэлт ихтэй байдаг юм байна. 

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих шийдвэр гарсан. Хэрэв төмөр зам тавигдвал нүүрсээ тэр замаар тээвэрлэн зах зээлд гаргана гэсэн үг үү?

-Тийм. 2010 онд УИХ-аас төмөр замын бодлого яг ингэж гарсан. Харамсалтай нь нүүрсний хамааралтай болсон улстөрчид маань дотоодын улс төр хийж, энэ ажлыг гацаадаг, явуулдаггүй. Ингэсээр байгаад есөн жил болсон. 

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаад тавдугаар сарын 1-нээс төмөр замаа явуулъя, хөдөлгөе, бусад зах зээл рүү гаръя гэсэн санааг дэвшүүлсэн.

Өөрөөр хэлбэл, 2010 онд УИХ-аас баталсан төмөр замын бодлогыг дөнгөж одооноос хэрэгжүүлэх гээд эхний алхмаа хийж байна гэсэн үг. 

-Нүүрсний эхний ачилтаа хэзээнээ хийх вэ?

-Туршилтын ачилт энэ зун хийгдэнэ. Ерөнхийдөө замын туршилтууд хийгдсэн. Зүүнбаян-Сайншандын төмөр замаар нүүрс тээвэрлэснээр Бээжингээр дайрахгүй. Ингэвэл цаг хугацаа хэмнэж, нүүрсээ үнэтэй зарах боломж нэмэгдэнэ. 

-Та Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах саналыг дэмжихээ илэрхийлсэн байсан. 

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой.

Оролцохдоо олон төрөлд, ялангуяа эрчим хүчний боломж бидэнд байгаа учраас үүнийгээ экспортолж оролцъё. Экспортлохдоо энэ зах зээл рүү гаргая гэсэн санааг дэмжээрэй гэдгээ илтгэсэн байгаа. 

-Тарифын хөнгөлөлтийн талаар яриа хэлэлцээр хийсэн болов уу?

-Тарифын хөнгөлөлтийн ажлыг анх 2014 онд ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн. "ОХУ бидэнд 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт өглөө. Одоо урд хөрш маань хөнгөлөлт үзүүлнэ биз дээ" гэхэд "Энэ асуудлыг анхааралдаа авлаа" гэсэн.