Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн сонгуулиар ажилласан 272 хүн ядаргаанаас болж нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 17-ны өдөр 260 сая хүн амтай Индонез улсад анх удаа ерөнхийлөгчийн, парламентын болон орон нутгийн сонгуулийг зардал хэмнэх зорилгоор нэг дор зохион байгуулсан юм.

Ингэснээр нэг өдөрт хамгийн олон хүний саналыг хураасан дэлхийн хамгийн том сонгуулийн ажиллагаа болсон байна.

Харамсалтай нь сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон 270 гаруй албан хаагч эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан тухай саяхан Индонезийн засгийн газар мэдээлжээ. Тэд олон цагаар амралтгүй ажиллаж, олон сая саналын хуудсыг гараар тоолсны улмаас ядаргаанд орж нас барцгаасан байна.

Индонезийн сонгууль зохион байгуулалт сайтай болж, тус улсын 193 сая сонгогчийн 80 хувь нь саналаа өгсөн гэнэ. Нийт 800,000 гаруй санал хураах байранд очсон сонгогч бүр таван саналын хуудас бөглөж байжээ.

Гэвч баруун захаас зүүн зах хүртлээ 5,000 км урт сунасан газар нутагтай Индонезид сонгогч бүрийн саналыг цуглуулна гэдэг маш хүнд ажил юм.

Өнгөрсөн Бямба гарагийн байдлаар сонгуулийн ажиллагаанд оролцсон 272 албан хаагч ажлын хэт ачааллаас болж нас барсан бол 1,878 хүн эмнэлэгт хэвтжээ.

Тэдний эмчилгээнд онцгойлон анхаарахыг эмнэлгүүдэд уриалсан Индонезийн сонгуулийн хороо амиа алдагсдын ар гэрийнхэнд тэтгэмж олгохоо Ням гарагт мэдээлсэн байна.

Тус байгууллага ажилтнуудынхаа ажлын ачааллыг зөв зохицуулж чадаагүй хэмээн иргэдэд болон улс төрчдөд шүүмжлүүлж байгаа юм. Сонгуулийн санал тоолох ажил одоо ч үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сарын 22-нд ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах ажээ.

 

Эх сурвалж: Reuters