Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Володимир Зеленский: Украинчуудыг Оросын иргэн болгох гэж цагаа битгий дэмий үр!

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дорнод Украины салан тусгаарласан бүс нутгийн иргэдэд Оросын иргэний паспортыг хялбар арга замаар олгох журмыг баталсан билээ. Дараа нь тэр Бямба гарагт Бээжин хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр энэ журмаа Украины нийт иргэдэд зориулан хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдсэн байна.

Тэгвэл Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Володимир Зеленский энэ асуудлаар байр сууриа фэйсбүүк хуудсандаа илэрхиийлжээ.

“Украинчууд Оросын иргэний харьяаллыг тайван жагсаал хийснийхээ төлөө баривчлагдах эрх, чөлөөт сонгуулиар удирдагчаа сонгож чадахгүй байх эрх гэж ойлгодог” хэмээн тэр бичсэн байна.

Зеленский “Энэ бол үндсэндээ бүх эрх чөлөөгөө хасуулах эрх авч байна гэсэн үг. Украин бол үг хэлэх эрх чөлөөтэй, чөлөөт хэвлэлтэй, нээлттэй интернэттэй орон юм” гэж бичжээ.

Гэхдээ тэр Оросын удирдагчидтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгааг энэ мэдэгдэлдээ илэрхийлсэн юм. “Донбас, Крымийг буцааж өгсний дараа л харилцаа жинхэнэ утгаараа хэвийн түвшинд хүрнэ” гэж Зеленский бичсэн байна.

Оросын эрх баригчид 2014 онд Крымийн хойгийг өөрийн газар нутгийн нэг хэсэг болгосон бол дорнод Украины Донбасын бүс нутагт өрнөж буй салан тусгаарлах тэмцлийг далдуур дэмжиж байгаа.

Энд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас 13,000 орчим хүний амь үрэгдээд байна. Москвагийн эрх баригчдыг салан тусгаарлагчдад буу зэвсэг нийлүүлдэг хэмээн Украин болон Өрнөдийн орнууд буруутгадаг. Харин Оросын тал үүнийг няцаадаг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty