Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпин “Game of Thrones” цувралын фэн болохоо харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд дэлхийн олон орны төрийн тэргүүнүүдийг цуглуулсан БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэгэн арга хэмжээний үеэр өөрийгөө “Game of Thrones” цувралын фэн болохоо харуулжээ.

Түүнийг гадаадын хэсэг зочидтой уулзах үеэрээ HBO сувгийн алдарт цувралыг эшлэн ярьж, зочдоо төдийгүй туслахуудаа гайхшруулсан тухай уг арга хэмжээнд оролцсон эх сурвалж мэдээлсэн байна.

Ши Жиньпин “Бид амьдарч байгаа дэлхий ертөнцөө Вестеросын долоон хаант улс шиг дайн самуунд автуулах ёсгүй” гэж хэлсэн гэнэ.

Тэрээр “Game of Thrones” цувралыг үздэгээ илэрхийлсэн цорын ганц Хятадын удирдагч биш. Өнгөрсөн сард Хятадын хоёрдугаар хүн, ерөнхий сайд Ли Көчянь зүүн Европт айлчлахдаа мөн энэ сонирхлоо ил болгожээ.

Тэрээр HBO сувгийн цувралд дүрслэгддэг “King’s Landing” буюу Долоон хаант улсын нийслэлийн зургийг авсан Хорватын Дубровник хотод Төв, Зүүн Европын орнууд болон Хятадын харилцааны асуудлаар чуулга уулзалтад оролцсон юм.

Энэ үеэр тэр мөн хэлсэн үгэндээ “Game of Thrones” цувралаас эш татаж байжээ.

Хятадын нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр тус улсын удирдагчид цаг зав муутайгаас уг цуврал киноны хураангуйлсан хувилбарыг үздэг гэнэ.

Хятадын удирдагчид хувийн хобби, сонирхлынхоо талаар ярих нь ховор байдаг. Харин Ши Жиньпин өөрийгөө кино урлагт дуртайгаа нуудаггүй. Өмнө нь тэр “Загалмайлсан эцэг”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг Холливүүдийн кинонуудад дуртайгаа ярьж байжээ.

2012 онд тэр дэд ерөнхийлөгч байхдаа АНУ-д айлчлах үеэр хүүхдүүдийн асуултад “кино үзэх хоббитой” хэмээн хариулж байсан юм. Мөн ажил, амьдралын тэнцвэрээ яаж хадгалдгийг нь сонирхоход “Mission: Impossible” гэж англиар товчхон хариулж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post