Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Бид уул уурхайн бус салбарын экспортоо нэмэгдүүлэх санал тавьж, Хятадын тал дэмжихээ илэрхийлсэн

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй Төрийн айлчлал болон түүний оролцсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтын талаар Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-Та энэ удаагийн Төрийн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийлээ. Төрийн айлчлал гэдэг бол хоёр орны харилцаанд хэрэгжүүлдэг айлчлалуудаас хамгийн дээд хэмжээний айлчлал байдаг. 

Ер нь бол ажлын айлчлал, албан ёсны айлчлал, төрийн айлчлал гэж бий. Биднийг төрийн айлчлалын хэмжээнд хүлээж авсан. Үүний ач холбогдол нь юундаа байна гэхээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд дээд түвшиндээ төрийн айлчлал хийж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. 

Нөгөө талаар “Бүс ба Зам”ын форумд оролцохоор БНХАУ-д 150-иад орны төлөөлөгч ирсэнээс 40-өөд нь төр, засгийн тэргүүнүүд. Эдгээрээс төр, засгийн тэргүүний хэмжээнд таван айлчлал хийгдсэний дөрөв нь Ши Жиньпин даргын түвшинд буюу Төрийн түвшнийх. Эдгээр дөрвөн Төрийн түвшний айлчлалын нэгд Монгол Улс орж байгаа гэсэн үг. 

Форумыг өндөр зохион байгуулалттай явуулж байна. Энэ үед буюу форумын өмнө Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулж байгаа нь ямар ач холбогдол өгч байгааг харуулсан хэрэг. 

Айлчлалын хүрээнд хятадын зүгээс харилцааны шинэ хуудсыг нээх ёстой гэж ярьсан. Манай зүгээс бол харилцаагаа шинэ түвшинд гаргахдаа их олон зүйлийг харж, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Үүн дээр хамгийн түрүүнд тавьж байгаа асуудал бол Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд экспортыг дэмжих хэрэгтэй байна. Экспортдоо уул уурхайн бус салбарын экспортыг нийт худалдааны бүтцэд нэмэгдүүлж өгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын экспорт байх ёстой. Гэхдээ уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх маягаар худалдаагаа тэлж экспортын бүтээгдэхүүнээ сайжруулъя гэдэг саналыг тавьсан. БНХАУ-ын тал үүнийг бүрэн дэмжиж байгаа. Ялангуяа бид боловсруулж, нэмүү өртөг шингээсэн хөдөө аж ахуй хүнсний чиглэлийн экспортдоо онцгой анхаарч ажиллая гэж байгаа юм. 

-Хоёр орны тэргүүнүүдийн уулзалтын үеэр олон бичиг баримтад гарын үсэг зурсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Айлчлалын үеэр олон бичиг баримтад гарын үсэг зурсан. Энэ дотор хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх гэрээн дээр гарыг үсэг зурсан. Үүн дээр их нарийн, жилийн хугацаанд яг ямар ямар ажил хийхээ тодорхой зааж өгсөн. 

Нэлээд олон том төслүүдээ эхлүүлье гэж байгаа. Гол анхаарч ажиллах нь соёл, урлагийн салбарт юм байна гэж ярьсан. 

Дэд бүтцийн хамтын ажиллагаа бидний хувьд чухал салбар. Дэд бүтцийн  хамтын ажиллагааны тал дээр хилийн дагуух дэд бүтцээ сайжруулах тухай асуудал яригдаж байгаа. Гашуунсухайт – Хангимандал болон Замын-Үүд – Эрээний боомтуудаа сайжруулах, Гашуунсухайт – Хангимандалыг олон улсын статустай болгох асуудал дээр нэлээн ач холбогдол өгч ярилаа. 

Замын-Үүд дээр ажлын цагийг уртасгах, гуравдагч орны машиныг нэвтрүүлдэг болох зохицуулалтуудыг нэн даруй хийх шаардлагатай байна гэсэн асуудлуудыг түлхүү ярьсан. Энэ бүгд бол эргээд ард иргэдэд үр дүн нь хүрэх асуудлууд юм. 

Монгол Улсад илүү өгөөжтэй зүйл нь экспортын чадавхыг нэмэгдүүлэх алхам юм. Ингэвэл ажлын байрыг илүү олон болгоно гэсэн асуудлыг тавьсан. Хятадын тал үүнийг ойлгож хүлээж авч байгаа.

-“Бүс ба Зам” чуулга уулзалтад Монгол Улсын үүрэг ролль ямар байв?

- “Бүс ба Зам”-ын чуулганд бид идэвхтэй оролцож,  “Хөгжлийн зам” гэдэг өөрийн хөтөлбөртэйгээ уялдуулах шаардлагатай байна. Айлчлалын үеэр ч энэ чиглэлд гарыг үсэг зурсан. 

Үүнд дээр бид Азийн супер сүлжээ гэдэг их том төсөл ярьж байгаа. Хятадын зүгээс зөвхөн Азийн хэмжээнд бус дэлхийн супер сүлжээний тухай асуудлыг ярьж байна. Харин бид эхлээд бүс нутгийнхаа түвшний дэд бүтцийн асуудлыг яръя гэж байгаа юм. Эрчим хүчний хангамжийн болон аюулгүй байдлыг ярьж, ойлголцож ажиллая гэдгийг хятадын тал судалж,  дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Энэ бол зөвхөн монголын асуудал биш бүс нутгийн олон орны дэмжиж байгаа асуудал. Мөн Хятадын өөрийнх нь боловсруулчхаад байгаа дэлхийн хэмжээний сүлжээнд эвлэгхэн багтаад орчихож байгаа учраас би их боломжийн санал тавьж ажиллаж байна.