Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Украины бүх иргэдэд Оросын паспорт олгодог болж магадгүйг Путин хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрч буй долоо хоногт Украинаас салан тусгаарлах тэмцэл явуулж буй мужуудын иргэдэд ОХУ-ын иргэний паспортыг хялбарчилсан шугамаар олгодог болох журмыг Владимир Путин баталсан билээ.

Тэгвэл Кремлийн засаг захиргаа Украины нийт иргэдэд ийм боломж олгох талаар судалж байгааг Путин өчигдөр Бээжинд болж буй олон улсын чуулганы үеэр мэдэгджээ.

“Ерөнхийдөө бид Украины нийт иргэдэд өөрийн иргэний харьяаллыг хялбар арга замаар олгодог болох тухай бодож байна” гэж тэрээр ярьсан байна.

Долоо хоногийн өмнө болсон сонгуулиар Володимир Зеленский Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа.

Түүнд Путин баяр хүргээгүй бөгөөд харин дорнод Украины иргэдийг ОХУ-ын иргэн болгох журам баталж бэлэг бариад байна.

Уг шийдвэрийг нь Украин, АНУ, Британи, Европын Холбоо болон олон улсын байгууллагууд таагүй хүлээж авсан юм.

Украины одоогийн ерөнхийлөгч Порошенко үүнийг “Кремлийн эрх баригчид Украины Донбасын хязгаарыг өөртөө нэгтгэхээр бэлдэж байгаагийн илрэл” гэж тайлбарлажээ.

Бээжинд болсон хэвлэлийн хурал дээр Путин бас Зеленскийтэй уулзахад нээлттэй байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр “Хэрвээ бидэнд хэзээ нэг өдөр уулзах боломж олдвол хамгийн түрүүнд дорнод Украины хямралыг эцэс болгох талаар ярилцах болно” гэж хэлжээ.

2002 онд Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн оршин суугчдад ОХУ иргэний харьяалалаа олгож эхэлсэн юм. Үр дүнд нь эдгээр бүс нутгуудын иргэдийн дунд Оросын паспорт эзэмшигчдийн хэмжээ 20 хувиас 85 хувь болж нэмэгдсэн.

Дараа нь 2008 оны наймдугаар сард Абхаз, Өмнөд Осет дахь иргэдээ хамгаалах зорилгоор ОХУ Гүржийн эсрэг дайн эхлүүлж байв.

Одоо Кремлийн засаг захиргаа Молдовын орос хүн ам голлодог Транс-Днистрийн оршин суугчдын бараг талд нь иргэний паспортоо олгоод байна.

 

Эх сурвалж: Reuters