Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Японы ханхүүгийн хичээлийн ширээнээс хутганууд олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Японы эзэн хаан Акихитогийн ач, ханхүү Хисахитогийн сурдаг сургуулийн ширээн дээрээс гал тогооны зориулалттай хоёр ширхэг хутга олдсон тухай Бямба гарагт тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Японд хаан ширээг залгамжлуулах түүхэн үйл явдал хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа тул хааны гэр бүлийнхний аюулгүй байдлыг чангатгаад байгаа юм.

Токиогийн дунд сургуулийн ажилтан Баасан гарагийн үд дунд 12 настай ханхүүгийн өдөр бүр суудаг ширээн дээрээс хутгануудыг олжээ. Тухайн үед Хисахито сургууль дээрээ байгаагүй гэнэ.

Хутганаас өөр ямар нэг заналхийлсэн захиа, зурвас олдоогүй байна. Хяналтын камерны бичлэгийг шүүхэд дуулга өмссөн эрэгтэй сургууль руу нэвтэрч байгааг харуулсан баримт үлджээ. Одоо цагдаа нар дунд эргэм насны барилгачны хувцастай эрэгтэйг эрэн сурвалжилж байна.

Японд эзэн хааны гэр бүлийнхнийг заналхийлэх үзэгдэл маш ховор. 1975 онд одоогийн эзэн хаан Акихито нь Окинава аралд аялж явахдаа Молотовын коктейль гэгддэг гар хийцийн шатаах бөмбөгт оногдох шахаж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Окинавад ширүүн тулаан болж байсан бөгөөд эзэн хааны эсрэг үзэл энд хүчтэй байдаг.

Мягмар гарагт Акихито хаан сэнтийгээсээ бууж, маргааш нь 59 настай ханхүү Нарухито хаан ширээг залгамжлахаар бэлдэж байна.

Натухито хаан болсноор түүний эрэгтэй дүүгийн хүү Хисахито хаан ширээг залгамжлагчдын хоёрдугаарт буюу хамгийн сүүлд бичигдэж байгаа юм. Хэрвээ Хисахито хожим хүүтэй болохгүй бол Японы эзэн хааны ширээг зөвхөн эрчүүд залгамжилдаг уламжлал тасрах ажээ.

Энэ тохиолдолд 1947 онд батлагдсан хуулийг өөрчилж, эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхтэй болж магадгүй юм.

 

Эх сурвалж: AFP