Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсрол амжилтын ТҮЛХҮҮР болох тухай ДӨРВӨН ХАРИУЛТ

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Сургуулиас санаачлан сонирхолтой нэгэн төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд нийгмийн тодорхой нэгэн асуудлыг сонгон авч, тэрхүү асуудлыг даван гарч амжилттай шийдвэрлэж чадсан таван хүнийг хэлэлцүүлэгт урин асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, ямар гарц олсон, цаашид энэ асуудалд хэрхэн хандвал зохилтой талаар оюутан залуустай хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Эхний асуудал нь нийгэм, түүхийн олон жилийн туршид яригдаж буй сэдвийн нэг бол боловсролын тухай байв.

Хэлэлцүүлэгт Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам нар оролцож, Чухам юуг боловсрол гэх вэ? Боловсрол нь үнэхээр нийгмийн амьдралын баталгаа, сайхан амьдрах бололцоо, өндөр нэр хүнд, ажлын байр зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд гартаа барих зэвсэг мөн үү? гэх зэрэг олон ээдрээтэй асуултад хариулт өгсөн юм.

Боловсролын салбарын тоон үзүүлэлтүүд

 
Гэрэл зургийг mpa.mn

Эхний илтгэгч Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Боловсрол амжилтын түлхүүр” хэмээн хүлээн зөвшөөрч байгаа ч манай улсын хувьд илүү боловсролтой нь буюу эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авч, удирдах албан тушаалд ажиллаж чадахгүй байгааг тоон мэдээллээр хүргэлээ.

Тэрбээр “Та бүхэнд боловсролын салбарын тоон үзүүлэлтүүдийг хүргэхээр бэлтгэж ирлээ. Ингэхдээ хүйс боловсрол болон эрхлэх ажил, албан тушаалд хэрхэн нөлөөлж байгааг танилцуулна.

Манай улсын хүн ам хүйсийн хувьд тэнцвэртэй. Бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа иргэдийн тоо тэнцүү байдаг ч бакалавр, магистр, доктор гээд академик түвшинд эмэгтэйчүүд давамгайлдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс харахад охид газар зүй, түүхээс бусад бүх хичээл дээр өндөр оноо авсан байна. Энэ нь эмэгтэйчүүд боловсрол эзэмшихдээ илүү чармайдаг, хариуцлагатай ханддаг болохыг харуулж байгаа юм.

Гэтэл тэр боловсролтой эмэгтэйчүүд маань нийгэмд гарч ирээд ажлын талбар дээр эрчүүдээс 10 хувиар бага цалин авдаг. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган компанийн дөнгөж 36 хувь нь эмэгтэй захиралтай. Түүнчлэн шийдвэр гаргах түвшний албан тушаалтай эмэгтэйчүүдийн тоо мөн маш бага" хэмээв.

Дэлхийн чиг хандлагад нийцэх  нь

 
Гэрэл зургийг mpa.mn

Дараагийн илтгэгч Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд Боловсрол чухал, тэр дундаа Монголын залууст илүү хэрэгтэй “зэвсэг” гэдгийг хэлж байлаа.

Тэрбээр “Дэлхий Монголыг мэддэггүй. Гадны томоохон сургуулиудад суралцахаар хандаж буй хүүхдүүд шалгалтаа маш сайн өгсөн хэдий ч биднийг Хятад оюутнууд шиг зүгээр л шалгалт сайн өгдөг хүүхэд байх вий, англиар ярьж чадах болов уу гэх мэтээр маш эргэлзээтэй ханддаг. Харин Солонгос, Япон гэвэл тухайн улсаар нь шууд үнэлээд авчихдаг. Тэгэхээр бидний өөрийгөө харуулах гол арга нь илэрхийлэх чадвар байх ёстой.

2022 он гэхэд одоогийн нийт ажиллах хүчний 54 хувийг дахин бэлтгэх шаардлагатай болсон. Заримынх нь чадварыг нэмэх бол зарим нь бүр шал өөр салбар руу орох шаардлагатай болж байгаа. Дэлхийн чиг хандлага ингээд явж байна гэхээр бид өнөөдрийн оюутнуудаа тэр чиг хандлагатай нийцүүлэн бэлтгэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй асуудал болоод байна. Тиймээс оюутан залуус та бүхэн дэлхийд гарч ажиллая гэж байгаа бол өөрөө бие даан судлах хэрэгтэй.

Дэлхийн чиг хандлагаар бол бид зарим салбарт машинтай өрсөлдөж ажиллах болчихоод байна. Бид хурдаар машиныг гүйцэхгүй, харин асуудлыг өөр өнцгөөс харах, үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлыг шийдвэрлэх тал дээр илүү байх боломжтой. Тиймээс машины эзэмшиж чадахгүй чадвараа хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн оюутан залууст зөвлөв.

Боловсролыг туршлага болгох нь

 
Гэрэл зургийг mpa.mn

Гурав дахь илтгэгч Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Оюунбилэг Миний амьдралын үйл ажиллагааны явц болгон үр дүнтэй байх ёстой” гэх зарчим баримталдгаа илтгэлийнхээ эхэнд хэлэв.

Тэрбээр “Хүн албан болон албан бусаар боловсрол эзэмшдэг. Албан бус гэдэгт миний гэр бүл, найз нөхдөөсөө олж авсан хүмүүжил хандлага юм. Харин цэцэрлэгээс эхлээд их, дээд сургуульд суралцаж, зэрэг хамгаалаад албан боловсрол эзэмшээд явдаг.

Ингээд амьдралынхаа туршид боловсрол эзэмшсээр байх явцдаа хүн өөрийгөө олдог. Нэгэнт хандлага төлөвшсөн бол академик боловсрол эзэмших явцдаа түүнийгээ амьдрал дээр хэрхэн буухыг туршиж байх ёстой юм байна гэдгийг би амьдралынхаа туршлагаар ойлгосон.

Оюутан хүн хичээлийнхээ хажуугаар өөрийн санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээр ажил хийх нь эзэмшиж буй боловсролоо туршлага болгох боломж. Би оюутан байхдаа шөнийн цагаар хүнсний үйлдвэрт ажиллаж, тэндээс дипломын сэдвээ олж байлаа. Энэ маань тухайн үйлдвэрт ч өгөөж өгсөн” хэмээж байв.

Боловсрол зайлшгүй, дээр нь хандлага маш чухал

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн илтгэгч МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам “Боловсрол зайлшгүй, үүн дээр хандлага маш чухал гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Миний хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүний нэг нь Panasonic  компанийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ. Тэр албан боловсрол эзэмшиж чадаагүй ч 10 наснаасаа ажил хийж, тийм компанийг бий болготлоо хөдөлмөрлөсөн. Хожим тэр өөртэй нь адил боловсрол эзэмших боломжгүй хүүхэд залуусыг боловсролтой болгохын төлөө ажилласан байдаг. Тэгэхээр зөвхөн боловсрол биш, хандлага, бүтээлч байдал маш чухал.

Дээд боловсрол эзэмшсэн хэрнээ ажилд орж чадахгүй байх, ажилд орсон ч эзэмшсэн боловсрол нь тэр бүр хэрэглэгдэхгүй байх тохиолдол байна.  

Тиймээс боловсрол дээрээ нэмээд эерэг, зөв хандлагатай байвал амжилтын түлхүүрийг гартаа атгасан гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн  хэлэлцүүлэгт оролцогчид илгэгчидтэй чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцсон юм.