Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп өрсөлдөгчдөөсөө “залуу насаар” илүүрхэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөх болсноо ахмад улс төрч Жо Байден саяхан зарласан нь одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын томоохон өрсөлдөгч болж байгаа юм.

76 настай Жо Байден нь Барак Обамагийн засаг захиргааны үед АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашсан хүн юм.

Тэгвэл Дональд Трамп өчигдөр өөрийн хүчтэй өрсөлдөгчийг басамжилсан утгатай мэдэгдэл хийсэн байна.

Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Би бол түүнээс хамаагүй залуу, эрч хүч дүүрэн хүн” гэж хэлээд инээмсэглэжээ. “Жог хар л даа. Би түүний талаар сайн мэдэхгүй. Би хэзээ ч бусдыг хөгшин гэж хэлэхгүй, гэхдээ тэр намайг насны хувьд ч, эрч хүчний хувьд ч хамаагүй залуу харагдуулж байна” хэмээн тэр ярьсан байна

Трамп эцэст нь “Би түүнийг хялбархан ялж чадна” гэж амлажээ.

Одоо 72 настай Трамп АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчид тооцогддог. Гэхдээ Жо Байден түүнээс 3.5 насаар ах юм.

2020 оны сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан Намын сунгаанд Байден хамгийн өндөр рэйтингтэй байгаа.

Сунгаанд рэйтингээрээ хоёрт эрэмбэлэгдэж байгаа сенатор Берни Сандерс 77 настай буюу Трампаас тав ах юм.

 
Жо Байден, Берни Сандерс нар

Ардчилсан Намын сунгаанд нийт 20 улс төрч өрсөлдөхөө зарлаад байгаагийн 10 нь 50 хүртэл насны хүн байгаа. Тэдний гурвынх нь нас Байдены насны талаас хэтрэхгүй байгаа юм.

Хэдийгээр Дональд Трамп Ардчилсан Намын гол өрсөлдөгчдөөс өөрийгөө залуу хэмээн илүүрхэж байгаа ч түүнд илүүдэл жингийн асуудал бий.

Өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан ордны эмч түүний жил тутмын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцуулахад биеийн жин нь 110 кг хүрснийг харуулсан юм. Энэ нь АНУ-ын эрүүл мэндийн стандартаар жинтэй нь харьцуулбал бага зэргийн таргалалттай гэсэн ангилалд орох үзүүлэлт ажээ.

Харин Байден, Сандерс нар хэвийн жинтэй хүмүүст тооцогдоно.

 

Эх сурвалж: AFP