Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сонгууль талдаа ороогүй байхад 10 сонгогч амиа алдаад байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсад үргэлжилж байгаа дэлхийн хамгийн том сонгууль хугацааны хувьд талдаа ороогүй байхад 10 сонгогч амиа алдаад байна.

Хүн амын тоогоор дэлхийд зөвхөн Хятадын дараа ордог энэ улсын иргэд саналаа өгөхийн тулд халуун наранд урт дараалалд зогсож байгаагаас ийм эндэгдэл гарч байгаа ажээ.

Амиа алдсан сонгогчдын залуу нь 44 настай, ахмад нь 84 настай байна. Зун эхэлж байгаатай холбоотой Энэтхэгийн хойд болон төв хэсэгт агаарын хэм сүүлийн өдрүүдэд Цельсийн 40 градус даваад байгаа юм.

Хамгийн олон хүн амиа алдсан Керала мужийн захиргаа хэт халуунаас санал хураах машинууд нь ажиллахаа больж, гэмтэхээс айж байгаа гэнэ. Санал хураах хэсгүүд өглөөний 7 цагаас оройн 6 цаг хүртэл ажилладаг ч ачаалал их байгаагаас цаг хэтрүүлэн ажиллаж байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн Энэтхэгийн парламентын сонгуулийн санал хураалт долоон шаттай явагдаж тавдугаар сарын 19-нд дуусна. Одоо гурав дахь шат нь дуусаад байна. Нийтдээ 900 сая сонгогч саналаа өгч байгаа уг сонгууль дэлхийд хамгийн томд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Quartz