Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

У.Энхтайван: “Монос хүнс”-ийн IPO-нд оролцох хүүхдүүдэд бид системийн үндсэн шимтгэл буюу 0.68%-ийн шимтгэлтэйгээр үйлчилнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Үнэт цаасны зах зээлд андеррайтер, брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Goodsec компани гуравдугаар сарын 18-нд Монголд анх удаа үнэт цаасны онлайн системийг нэвтрүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тус компани энэхүү цахим системээ ашиглан хөдөө орон нутаг болон гадаадад байгаа монголчууддаа “Монос хүнс” компанийн хувьцааг захиалж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг олгож буй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал У.Энхтайвантай ярилцлаа. 


- “Монос хүнс” компанийн хувьцаа эзэмшигч болох боломжийг Goodsec.mn цахим системээр дамжуулан олгож байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-”Монос хүнс” компани олон нийтэд компанийнхаа 30% буюу 122,655,128 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгөөр санал болгож, 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар захиалга авч эхлээд байгаа. Манай компани өөрийн орон нутгийн салбар болон шинээр нэвтрүүлсэн цахим системээрээ энэ хувьцаанаас худалдан авах захиалга хүлээн авч байгаа. 

-Хөдөө орон нутаг болон гадаадад байгаа иргэд оролцох боломжтой юу? 

Өмнө нь гадаадад амьдарч байгаа иргэд болон хөдөө орон нутгийн иргэд үнэт цаасны арилжаанд оролцохын тулд заавал биеэр ирж үнэт цаасны данс нээлгэх, арилжааны захиалга өгөх, захиалгын болон үнэт цаас худалдсан мөнгө нь байрших тусгай зориулалт бүхий банкны эскроу буюу дундын данс нээлгэх, мөнгөө гаргаж авахын тулд дахин заавал үнэт цаасны компани болон банк руу биеэр очих шаардлагатай байдгаас шалтгаалан үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байсан. Харин одоо манай www.goodsec.mn цахим системд хандан харилцагчаар бүртгүүлж, үнэт цаасны арилжааны захиалгаа өгөх боломжтой болсон.   

 

- Цахим системийг хүмүүс хэр идэвхтэй хэрэглэж байна вэ. Хэрэглэгчдийн тоонд хэр их өөрчлөлт оров?

-Цахим систем нэвтрэхээс өмнө манайх Монгол Улсын 11 аймгийн 192 суманд хүрч үйлчилдэг байсан  цахим үйлчилгээ нэвтрүүлснээс хойш сар гаруйн хугацаанд 12,500 гаруй хүн цахимаар харилцагч болсны 20 орчим хувь нь гадаадаас хандсан байсан. Одоогийн байдлаар нийт 382 мянга гаруй харилцагчтай болжээ. 

- Орон нутаг болон гадаадад байгаа иргэд цахимаар хувьцаа захиалж, үнэт цаасны арилжаанд орж болно гэж байна. Гэвч ялангуяа мэдээллээс хол байгаа иргэд хувьцааны зах зээлийг цэнхэр, ягаан тасалбар, 1,072 хувьцаагаар төсөөлсөн хэвээр байна. Энэ талаар танай зүгээс ямар санаачилга гаргаж ажиллаж байгаа вэ?

-Бид хамгийн олон салбар, харилцагчтайн хувьд орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулж, мэдээлэл өгсөөр байгаа. Хувьцааны талаарх иргэдийн ойлголт харьцангуй сайжирч байгаа. Ялангуяа, 1,072 хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулахтай холбоотойгоор үнэт цаасны данс ихээр нээлгэж байгаа.

Хамгийн гол нь иргэд цахимаар байна уу, биеэр байна уу хамаагүй зөвхөн үнэт цаасны данс нээлгээд орхих биш тэр дансаа ашиглан үнэт цаасны арилжаанд орж, жишээ нь “Монос хүнс”-ийн хувьцаанаас аваад түүнийгээ хоёрдогч зах зээлд үнэ өссөн үед нь худалдах, эсвэл хадгалаад ногдол ашиг хүртэж хөрөнгийн зах зээлийн харилцааны талаар анхдагч ойлголттой болох нь хамгийн чухал. Иргэд үнэт цаасны данс бол зөвхөн төрөөс үнэгүй олгосон Эрдэнэс тавантолгойн 1072, Эрдэнэс Монгол компанийн 1 ширхэг давуу эрхийн хувьцаа ч юм уу, түүний ногдол ашиг ордог халамжийн данс мэтээр бүү ойлгоосой. 

-Данс идэвхтэй ашиглагдахгүй байгаа нь явдал чирэгдэл ихтэй байдагтай холбоотой гэж боддог. Хувьцааны дансанд ногдол ашиг ороход иргэд тэр данснаас мөнгөө авахын тулд брокерын компани дээр заавал ирж, бичгээр зөвшөөрөл авч, банк орох гэх мэт шат дамжлага ихтэй байдаг шүү дээ?

-Яг энэ чирэгдлийг манай цахим систем халснаараа хамгийн том давуу талыг бий болгож өгсөн. Иргэн манайтай цахимаар эсхүл биеэр ирж үнэт цаасны данс нээлгэн харилцагч болсноор дараа дараагийн үйлчилгээнүүд болох үнэт цаасны арилжааны болон төлбөр тооцоо, мөнгөн хөрөнгийн гүйлгээний захиалгуудаа бүгдийг нь цахимаар гүйцэтгэх, хяналт тавих боломжтой болж үнэт цаасны компани, банк руу биеэр очих шаардлагагүй болсон.

-Хүүхдүүд хэр их данс нээлгэж байгаа вэ? 1,072 хувьцааг эзэмшиж байгаа олон хүүхэд байгаа шүү дээ.

-Нээлгэж байгаа. Манай нийт 380 гаруй мянган харилцагчийн 30 орчим хувь нь 18-аас доош насны хүүхдүүд. Хүүхдүүдийг багаас нь хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болгох, эцэг эхчүүдэд хадгаламжаас гадна өөр сонголт байдаг гэдгийг мэдүүлэх үүднээс бид дэмжиж ажиллахаар санаачилга гарган “Монос Хүнс”-ийн хувьцааны захиалгад оролцох хүүхдүүдэд урамшуулал болгож арилжааны шимтгэлийг системийн үндсэн шимтгэл болох 0.68 хувиар тооцож үйлчилгээ үзүүлж байна.

Энэ шимтгэл хот, орон нутгаас хамаараад дунджаар 1-3 хувь байдаг. Мэдээж хүүхдүүдийг насанд хүртэл нь эцэг эх нь төлөөлөн захиалга өгөх, захиран зарцуулах ёстой.  

 

-“Монос Хүнс”-ийн хувьцааны захиалга хэзээ дуусах вэ? Хувьцаа авахаар сонирхож буй иргэдэд та юу зөвлөх вэ ?

-Хувьцааны захиалга дөрөвдүгээр сарын 22-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 3-нд хаагдана. Хувьцаа авна гэдэг бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байна гэсэн үг. Мэдээж аливаа хөрөнгө оруулалт эрсдэлтэй байдаг тул эцсийн шийдвэрийг иргэд өөрсдөө сайн судалж байж гаргах шаардлагатай. Үнэт цаас гаргаж хөрөнгө татаж байгаа зорилго, юунд зарцуулах, юу төлөвлөж байгаа, мөн мэдээж уг компанийн өөрийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал гэх мэтэд хариулт авах үүднээс компанийн гаргасан үнэт цаасны танилцуулгатай заавал танилцах шаардлагатай.

Сүүлийн үед гарсан дийлэнх IPO шаардлагатай байгаа татан төвлөрүүлэх хөрөнгөөсөө хэд дахин илүү гарсан захиалга хүлээн авч байгаа учир иргэдийн захиалсан хувьцаа яг тэр дүнгээрээ биш тодорхой хэмжээгээр буурч биелдэг жишиг тогтоод байгааг ч бас тооцох хэрэгтэй байх.

- Нэгэнт хувьцаа, үнэт цаас ярьсан учир “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл уншигч нарт маань хүргэхгүй юу?

-Монгол Улсын нийт 2.5 сая гаруй иргэн компанийн хувьцааны 14.75 хувь буюу ойролцоогоор 2 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа эзэмшдэг хэдий ч бараг тал нь үнэт цаасны данс нээлгэж хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулаагүй хэвээр байгаа. Энэ нь иргэд хувьцаагаа худалдах, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлал хийлгэх гэх мэтээр захиран зарцуулахыг нь ЗГ-аас хязгаарласан байгаатай холбоотой болов уу.

2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учир иргэдэд ногдол ашиг олгох боломжтой боллоо гэсэн мэдээллийг Эрдэнэс Тавантолгой компанийн болон төрийн хариуцлагатай албан тушаал бүхий хүмүүс олон удаа хэвлэлд өгч иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Маргааш буюу 2019 оны 4 сарын 30-ны өдөр болох Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох эсэх, гадаад дотоодын бирж дээр IPO гаргах ажлын явцын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.