Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны ажилчдын гүйцэтгэлийг робот үнэлж, бас ажлаас нь халдаг

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани Амазоны дотоод үйл ажиллагааны талаар маргаантай асуудлууд байнга яригддаг болоод байна.

Тэгвэл саяхан “The Verge” дижитал сэтгүүлийн хийсэн судалгаа бас нэг ноцтой баримтыг дэлгэжээ.

Тус компанийн агуулахын ажилчдыг хянаж, гүйцэтгэлийг нь үнэлээд ажлаас халах шийдвэрийг хүний оролцоогүй гаргадаг автомат систем байдаг тухай уг тайланд бичсэн байна.

Тухайлбал Амазоны Балтимор дахь агуулахад 2017-2018 оны жил орчим хугацаанд 300 гаруй ажилчин ийм аргаар халагджээ. Энэ талаар тодруулахад Амазон компанийн төлөөлөгч Балтиморт халагдсан хүмүүсийн тоог хүлээн зөвшөөрсөн боловч Америк даяар сүүлийн хоёр жилд халагдсан ажилтны тоо буураад байгааг мэдээлсэн байна.

Амазоны хяналтын систем нь ажилчин бүрийн үйлдлийг камераар ажиглаж, тэдний сул зогсолтыг хэмждэг ажээ. Ийм байдлаар статистик мэдээлэл цуглуулсны дараа гүйцэтгэл нь хангалтгүй байгаа ажилчныг шууд халах шийдвэрийг автоматаар гаргадаг байна.

Энэ шийдвэрт дээд албан тушаалтнууд нөлөөлж чаддаг ч ихэнхдээ системийн шийдвэр өөрчлөгдөлгүй хэрэгждэг ажээ. Гэхдээ Амазоны төлөөлөгч гүйцэтгэл нь хангалтгүй байгаа ажилчдад урьдчилан сануулж, ажлыг нь сайжруулах сургалт зөвлөгөө өгдөг тухай тайлбарласан байна.

Зөвхөн агуулах биш, Амазоны өөр олон салбарт автоматжуулсан систем ажилчдыг шахаж, гүйцэтгэлийг нь хатуу хянадаг тухай мэдээлэл бий. Жишээ нь бараа хүргэлтийн жолооч нарыг автомат системээр байнга хянаж, түгээлтийн хурдыг нь хэмжиж, ажлыг нь үнэлж байдаг гэнэ. Сүүлийн үед үйлдвэрчний эвлэлүүд, хүний эрхийг хамгаалагчид Амазоны бизнес үйл ажиллагаа хэт хатуу, хүнлэг бус байгааг шүүмжилж байна.

Өнгөрсөн онд Амазоны Европ тив дэх салбаруудын ажилчид “Хар Баасан гараг”-ийн үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв.

 

Эх сурвалж: The Verge