Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.26 цагт 52 хувийн ирцтэй эхэлж Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Өмнөх өдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн учир хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, болосрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарим нэг зөрүү ойлголт үүссэний улмаас УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг харьяалах байнгын хороо, ажлын хэсэгт өгсөн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэний дараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Тэрбээр, “УИХ 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны долдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн.

Үндсэн хуулиар бол Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд харшилвал Засгийн газар өөрөө хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл УИХ хүчингүй болгох зохицуулалттай. 2015 онд Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрын шийдвэрийг шүүх хянадаг асуудлаар маргаан үүссэн. Энэ маргааныг Үндсэн хуулийн цэц хянаад Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй, харьяалахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн заалтууд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрын шийдвэрийг хянах оролдогыг удаа дараа хийж ирлээ. Энэ байдлыг харгалзан үзэж, Үндсэн хуулийн заалт, Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс дээрх хуулийн төслийг санаачилсан.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг УИХ шийдвэрлэсэн. УИХ-ын шийдвэрийн дараа Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Засгийн газар энэ асуудлаар хоёр ч удаа шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын болон Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох алхамуудыг Захиргааны хэргийн шүүх хийсэн. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Үндсэн хууль, Цэцийн шийдвэрийг зөрчин шүүхийн шийдвэр гаргасан учраас дээрх хуулийн төслийг боловсруулан оруулж ирсэн” гэлээ.

Хууль зүйн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав.

Тэрбээр, “Хууль санаачлагч Захиргааны ерөнхий хуулийн зарим зүйл, заалтад үүссэн ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засах, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх, Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлтэд нийцүүлэн хуулийн үйлчлэлийг тодорхой болгох, хуулийн үйлчлэлд Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна” гэлээ.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.