Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Путинийг хүлээлгэсэн анхны төрийн тэргүүн Ким Жон Ун боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Эх орондоо зочлон ирсэн гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээлгэдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр анх удаа зочноо хүлээж зогссон байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг лимузин хөлөглөн ирэхэд Путин уулзах газрын үүдэнд хүлээж зогссон нь ховор үзэгдэл байлаа.

Энэ нь Солонгосын хойгийн хэрэг явдалд Орос улс оролцох чин хүсэлтэй байгаагийн илрэл бололтой. ОХУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт өчигдөр алс дорнодын Владивосток хотод найрсаг уур амьсгалтай болж өнгөрлөө.

Нийт таван цаг орчим үргэлжилсэн уулзалтын үеэр Путин, Ким нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг голлон ярилцсан байна. Ким Жон Ун энэ уулзалтын үр дүнд АНУ-ын талд шахалт үзүүлэх зорилготой нь тодорхой байгаа. Тэрээр Путинтай уулзахдаа “Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдал бүхэлдээ АНУ-ын цаашдын хандлагаас хамаарна. БНАСАУ бүх боломжит хувилбар нөхцөлд зохицон ажиллахад бэлэн байгаа” гэж мэдэгджээ.

Энэ үеэр тэр бас өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд болсон уулзалт амжилтгүй болсон нь АНУ-ын хандлага, байр суурьтай холбоотой гэж Путинд тайлбарласан тухай Солонгосын Төв  Агентлаг мэдээлсэн байна.

Хариуд нь Путин Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг зөвхөн яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстойг батлан илэрхийлээд үүний тулд Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа хэрэгтэйг онцолжээ.

Умард Солонгост тохиромжтой цагтаа айлчлан ирэхийг Ким Жон Ун урьж, Путин урилгыг талархан хүлээж авсан байна.

Ким Жон Ун өнөөдөр сонгодог урлагийн тоглолт, далайн аквариум үзээд үдээс хойш нутгийн зүг жолоо залахаар болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд Хятадын төрийн тэргүүнтэй дөрөв, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй гурав, Дональд Трамптай хоёр, Вьетнамын ерөнхийлөгчтэй нэг удаа тус тус уулзаад байгаа. Өчигдөр хоёр удирдагч хамт үдийн зоог барихдаа орос борш, банш, хавчны салат зооглосон байна.

Владимир Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Ким Жон Унтай хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнг АНУ-ын талтай хуваалцана гэж хэлжээ. “Бидэнд нуух зүйл, ямар нэг хуйвалдаан байхгүй. Америкийн талд биднийг байр сууриа уламжлахыг Ким удирдагч өөрөө хүссэн юм” хэмээн тэр ярьжээ.

Владивостокийн уулзалтаас ямар нэг хамтарсан мэдэгдэл гаргаж, гэрээ хэлцэл байгуулсангүй. Гэхдээ уулзалт талуудад чухал ач холбогдолтой болж өнгөрснийг тус тусын албаны эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP, Russia Today