Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN

- БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос iKon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий мэдээлж байна -

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо албан ёсоор эхэллээ.

Чуулганыг нээж БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэв.

Энэ удаагийн чуулганы талаар БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өмнө нь “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 150 улс болон олон улсын 90 гаруй байгууллагын 5,000 гаруй төлөөлөгч,  түүний дотор 37 орны төр, засгийн тэргүүн оролцох болно хэмээн мэдэгдэж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад энэ сарын 24-25‑ны хооронд Төрийн айлчлал хийсэн бөгөөд үргэлжлүүлэн “Бүс ба Зам” чуулга уулзалтад оролцож байгаа билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр төр, засгийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцон үг хэлнэ. Энэ уулзалтаас хамтарсан Хэвлэлийн мэдээ гаргах бөгөөд уулзалтын үеэр хүрсэн бүх тохиролцоог нэгтгэн тайлан гаргах юм.

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын тухай

Анх 2017 оны тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар уулзалтад дэлхийн 130 улс болон олон улсын 70 байгууллагын 1,500 гаруй төлөөлөгч, түүний дотор 29 орны төр засгийн тэргүүн нар оролцож байжээ.

Тухайн үед манай улсыг төлөөлөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан юм.

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийхдээ “2017 онд зохиосон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар уулзалтын хүрээнд 279 тодорхой тохиролцоонд хүрсний хэрэгжилт 96.4 хувь байна гэж мэдэгдэж байсан аж.

“Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах талаар

 2017-2021 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 онд баталсан.  Хөтөлбөрийн гол зорилго нь дэд бүтэц болон аялал жуучлалын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад улс, тэр дундаа хөрш улсын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх явдал юм.

“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2017 оны тавдугаар сард байгуулсан.   

Түүнчлэн ОХУ-тай гурван талаараа хамтран ажиллаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т 2016 оны зургаадугаар сард гарын үсэг зурсан. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлийг хангахад оршино. Хөтөлбөрийн хавсралтад гурван тал хамтран хэрэгжүүлэх 32 төслийг тусгасан байна.

БНХАУ-ын Чиндао хотноо 2018 оны зургаадугаар сард зохион байгуулсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дахь удаагийн уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн талаар санал солилцож, хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэл өгсөн билээ.

Мөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон гурван талын шинжээчдийн түвшний уулзалтаар Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар тохиролцсон байна.

Тухайлбал, төмөр замын “Төв” коридорыг үе шаттай шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Улаанбаатар хотноо гурван талын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.

“Бүс ба Зам” санаачилгын талаар

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг 2013 оны есдүгээр сард Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ, “21 дүгээр зууны далайн торгоны зам” байгуулах санаачилгыг мөн оны аравдугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ хоёр санаачилгыг нэгтгэн “Бүс ба Зам” санаачилга гэж нэрлэх болсон.

Үүнээс хойш “Бүс ба Зам” нь Хятадын гадаад эдийн засгийн стратегийн гол агуулга болж, 2015 оны гуравдугаар сард “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтран байгуулах хэтийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээх баримт бичгийг гаргасан.

Энэхүү санаачлага нь энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санаан дээр тулгуурласан бөгөөд “хамтран хэлэлцэн, хамтран бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх” гэсэн гол зарчмыг тууштай баримтална гэж хятадын тал онцлон тэмдэглэдэг.

“Бүс ба Зам”-ын хүрээний хамтын ажиллагааны гол агуулга бөгөөд тэргүүлэх чиглэлүүд нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоо байна гэж тодорхойлсон.

“Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилтийн байдал, үр дүн

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн албанаас 2018 оны наймдугаар сард “Бүс  ба Зам” санаачилгын хэрэгжилтийн явцын талаар танилцуулсан байна. Албаны мэдээлэлд “Санаачилгыг хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд дэлхийн улс орнууд санаачилгад идэвхтэй оролцож, хэрэгжилтэд томоохон  ахиц гарлаа.

Нэгд, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон улсын нийтлэг ойлголт бэхжиж байна. Хятад улс 103 улс болон олон улсын  байгууллагатай “Бүс ба Зам” санаачлагатай холбоотой 118 хамтын ажиллагааны баримт бичиг байгуулаад байна.

Хоёрт,  хамтын ажиллагааны төслүүд урагшилж, үлгэр жишээ үр дүн үзүүлж байна. “6 коридор, 6 зам, олон улс, олон боомт” гэсэн хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор, Хятад-Лаос, Хятад-Тайландын төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам зэрэг төсөл тогтвортой урагшилж, Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэгний төмөр замын тодорхой хэсгийн бүтээн байгуулалт эхэлж, Гвадар боомт үйл ажиллагаа эхлэх боломжтой болоод байна. Хятад-Европ чиглэлийн шууд ачааны галт 10,000 удаа аялж, Европын 15 улсын 34 хотод хүрээд байна.

Гуравт, харилцан ашигтай хамтын ажиллагаа урагшилж, хамтаар хөгжиж байна. 2018 оны зургаадугаар сарын байдлаар, “Бүс ба Зам”-ын дагуух орнуудтай барааны худалдааны эргэлт 5 триллион ам.долларт, шууд хөрөнгө оруулалт 70 тэрбум ам.долларт хүрлээ.

Дөрөвт, үйлчилгээний тогтолцоо сайжирч, санхүүгийн хамтын ажиллагаа бэхжиж байна. Хятад улс 17 улстай “Бүс ба Замын санхүүжилтийн зарчим”-ыг тохиролцож, Хятадын 11 банк гадаад орнуудад 71 салбараа нээгээд байна.

Тавд, хүмүүнлэгийн солилцоо идэвхжиж байна. 2017 оны байдлаар “Бүс ба Зам”-ын дагуух орнуудаас 300 мянган оюутан Хятадад суралцаж байгаа бол Хятадаас 60 мянга гаруй оюутнууд эдгээр оронд суралцаж байна. 2020 он гэхэд, “Бүс ба Зам”-ын дагуух орнуудад аялах жуулчдын тоо 85 саяд хүрч, аяллын зорилгоор зарцуулах мөнгө 110 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарч байна” гэжээ.