Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

88 настай Уоррен Бафет тэтгэвэртээ гарах бодолгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгийн хэмжээгээр дэлхийд гуравт ордог тэрбумтан, 88 настай Уоррен Бафет саяхан Financial Times сонинд томоохон ярилцлага өгсөн байна.

Энэ үеэр тэр өдөр тутмын амьдралын хэв маяг, цаашдын хувийн төлөвлөгөөнийхөө тухай ярьжээ.

“Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг Бафет тэтгэвэрт гарах талаар ямар ч төлөвлөгөө байхгүй, өдөр бүр ажилдаа явах нь түүний хувьд “амралт” мэт санагддаг гэсэн байна.

Хөгшрөх гэдэг нь түүний хувьд сонсгол муудсанаас аппарат зүүдэг болох, хараа муудсанаас шөнө машин жолоодохоо болих тухай асуудал болохоос ажил хийхэд нь саад болох зүйл огт биш гэнэ.

Залгамжлагчийн тухай асуухад Бафет энэ талаар огт боддоггүй, бий болгосон компанийнх нь хөрөнгө оруулагчид, ажилтнууд түүний ажил хэргийг үргэлжлүүлээд явах чадвартай гэж хэлжээ. 

Өөрөөр хэлбэл тэр “Berkshire Hathaway” компанийг хэн ч удирдсан нэгэнт тогтсон соёл, философийн дагуу цаашид хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Бафетын хоолны дэглэм, зуршил нь олон хүний анхаарлыг татдаг. Тэрээр эмч нарын зөвлөдгөөс эсрэг, эрүүл бус хооллолтоороо алдартай.

Одоо тэр долоо хоногт доод тал нь гурван өдөр МакДональдс түргэн хоолоор үйлчлүүлж байгаа гэнэ. Бафетын дуртай хоол нь тахианы нагет ажээ. Хүнсний ногоо маш бага иддэг тэрээр өдөрт таван лааз Кока Кола уудаг зуршилтай юм.

Мөн зайрмаг идэж, хатуу чихэр хүлхэх дуртай. Хоолондоо маш их давс хийдгийг нь Wells Fargo компанийн гүйцэтгэх захирал Жон Стамф “хоол руугаа давс цацаж байгаа нь цасан шуурга дэгдэж буй мэт” хэмээн дурсаж байсан удаатай.

Энэ бүх зуршлынх нь талаар асуухад Бафет “үхлээс айдаггүй тул дураараа идэж уудаг” гэж хариулжээ.

“Ингэж ажиллаж, амьдрах нь намайг энэ дэлхийн бүх 88 настнуудаас илүү жаргалтай болгодог” хэмээн тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider