Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Монгол Улсад анх удаа 10 сая тонн ган үйлдвэрлэх эхлэл тавигдаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

- БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос iKon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад Төрийн айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд хоёр орны тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн.

 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн тэргүүн нарын гарын үсэг зурсан албан бичиг болон айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

-Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийж, найман албан бичигт гарын үсэг зурлаа. Ямар албан бичгүүдэд гарыг үсэг зурсан талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хоёр орны тэргүүн нар уулзалтынхаа дараа төрийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах найман санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн хоёр орны хувийн хэвшлийнхэн баримт бичигт гарын үсэг зурцгаасан.

Тухайлбал, Монгол Улсаас кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах тухай Монголын “Эрдэнэс стийл” болон “Сино стийл” компанийн хамтын ажиллагааны хэлэлцээр, мөн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайн 300 мВт-ын цахилгаан станцын хэлэлцээрт сая гарын үсэг зурлаа.

Кокс, ган төмөрлөгийн үйлдвэр байгуулах хэлэлцээрийн онцлог нь Монгол Улсад анх удаа 10 сая тонн ган үйлдвэрлэх эхлэл тавигдаж байна. Энэ үйлдвэрийн нэгдүгээр ээлж болох нэг сая тонн гангийн үйлдвэр Чойрт,  дараагийнх нь Сайншандад байгуулагдах юм. Энд Засгийн газрын баталгаа байхгүй. Цэвэр хувийн хэвшлийнхэн хоорондоо хийж байгаа.

Бөөрөлжүүтэд анх удаа 300 мВт-ын хувийн цахилгаан станц барих гэрээг ямар нэгэн улсын баталгаа хийлгүйгээр байгууллаа. Нийтдээ Засгийн газрын харьяа агентлаг хоорондын болон хувийн хэвшил хооронд 20 орчим гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдсан.

Эдгээр арга хэмжээгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлал ерөнхийдөө өндөрлөж байна.

Үүний дараа 40 орчим улсын төрийн тэргүүн болон ерөнхий сайд нарын түвшний “Бүс ба Зам” олон улсын уулзалтад хоёр өдөр оролцоно. Нэг ирэлтээр хоёр арга хэмжээнд оролцож байна гэсэн үг.

-Өмнө нь Чиндаогийн уулзалтаар махны экспортын асуудлыг хөндөж байсан. Мөн нүүрсний экспортоо нэмэгдүүлэх асуудлыг манай талаас Хятадын талд байнга тавьдаг. Энэ удаад ямар асуудлууд яригдсан бэ?

-Чиндаогийн уулзалтын дараа аль алиных нь экспорт нэмэгдсэн. Үнийн дүн ч гэсэн сайн байгаа. 1990 онд манайх 100 орчим мянган тонн мах гаргадаг байсан. Түүнээс хойш өнгөрсөн жил анх удаа бараг 70 мянган тонн мах гаргасан. Гэвч малын өвчин гараад хориг тавигдсан байгаа. Хоригийг арилгах тал дээр асуудал тавьсан. 

Саяны уулзалтаар Хятадын тал махны хувьд ажлын хэсэг явуулна гэсэн. Хоёрдугаарт, Хятадын тал манайхаас гурил болон сүүний худалдан авалтаа нэмэгдүүлэх чиглэлд юу хийж болох талаар судалгаа хийх ажлын хэсгээ явуулна гэсэн. Иймэрхүү ажил хэрэгч, ард түмний амьдралд шууд нөлөөлөх зүйлүүд яригдсан.

-2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын үеэр БНХАУ-аас манай улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлж байсан. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.  Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг юунд зарцуулах вэ?

-Энэ жилийн тусламжийн мөнгийг Буянт-Ухаагийн спорт цогцолборын орчимд Азийн хүүхдийн наадам болон Зүүн Азийн олон төрөлт спортын наадмын тамирчдыг хүлээж авах барилга байгууламжийн дутагдаж байгаа хэсгийг байгуулахад зарцуулна.

Юу хийх нь манай Засгийн газрын эрх. Юу хийхээ дотроо ярилцаад Хятадын даргад мэдэгдэж байгаа. Дутагдах спортын төрөл байхгүйгээр бүх төрлийн спортын барилга байгууламж, зочид буудалтай байхаар төлөвлөж байгаа.

-Нүүрс, махны экспортын асуудлыг ярьсан уу?

-Нүүрсний экспортын тухайд угаасаа үнэ гайгүй байгаа учраас хувийн ч, улсын ч нүүрс явж байгаа. Ханги Мандалаар шинэ төмөр замаар холбогдъё гэдэг саналыг тавьсан. Яагаад гэвэл Эрээн ачааллаа дийлэхгүй байгаа учраас. Нурмаг ачаагаа Ханги Мандал руу шилжүүлье гээд Улаанбаатар төмөр зам өөрийнхөө хөрөнгөөр Зүүнбаян-Ханги Мандалын хэсгийг барихаар болж байгаа.

-Айлчлалын үр дүнг багцлаад хэлбэл?

-Өчигдрөөс эхлээд маш товчхон боловч ажил хэрэгч айлчлал боллоо. Үр дүнд нь 20 орчим бичиг баримт зурагдсан. Эдгээр бичиг баримт үр дүнгээ өөрөө илэрхийлэх байх.



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:

  • Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө
  • Монгол Улсын “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө
  • Монгол, Хятадын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр
  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яам хооронд 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө
  • Радио, телевизийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр
  • Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр
  • Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ
  • Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ
  • Монгол Улсын “Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ
  • Монгол Улсын “Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хөбэй мужийн Хайфу акумляттор ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ
  • Шинэ дэлхий холбоо болон мазаалай хамгаалах сан хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг