Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үл таних нисдэг биеттэй тааралдвал хэрхэн мэдээлэх журмыг АНУ-ын арми нэвтрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн цэргийн нисгэгчид ямар нэг үл таних нисдэг биеттэй тааралдвал энэ тухай дээд удирдлагадаа хэрхэн мэдээлэх журмыг анх удаа боловсронгуй болгож, стандартжуулсан байна.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын агаарын орон зайд ямар нэг үл таних нисдэг биетүүд илрэх нь нэмэгдсэн тул ийм арга хэмжээ авахад хүргэсэн гэж албаны эх сурвалж тайлбарлажээ.

Харь гарагийн хөлөг мөн эсэхээс үл хамааран эдгээр тохиолдлуудыг нарийвчлан шалгах нь АНУ-ын тэнгисийн болон агаарын хүчний аюулгүй байдалд чухал гэж үзсэн байна.

Шинэ журмын дагуу илэрсэн биетийн талаар яг ямар баримтуудыг цуглуулж тайланд тусгах, ирүүлсэн тайланг хэрхэн архивт хадгалж, цаашдын судалгаа шинжилгээнд ашиглахыг нарийвчлан заасан гэнэ.

Пентагон үл таних нисдэг биетүүдийг судлах янз бүрийн төслүүдийг олон арван жилийн турш санхүүжүүлж байсан гэдэг. Тэдгээрийн хамгийн сүүлчийнх нь 2012 онд дууссаныг батлах баримт байдаг юм.

Уг хөтөлбөрийг удирдаж байгаад тэтгэвэрт гарсан Пентагоны албан хаагч Луйз Элизондо 2017 онд CNN агентлагт “энэ ертөнцөд бид ганцаараа биш байж магадгүйг харуулсан баримтууд” илрүүлснээ ярьж байжээ.

“Эдгээр нисэх онгоцнууд (бид тэднийг ингэж нэрлэдэг) одоогоор АНУ-ын зэвсэглэлд огт байхгүй, бидний мэдэж байгаагаар бусад ямар ч улс орны зэвсэглэлд огт байхгүй шинж тэмдгүүдийг үзүүлж байсан” хэмээн тэр тухайн үед ярьж байв.

Тэдгээр нь аэродинамикийн хуулиас гадуур ажилладаг болохыг Элизондо бас тайлбарлаж байжээ. Ямартай ч Пентагон үл таних нисдэг биетүүдийг мөрдөх, судлах ажиллагаагаа зогсоогоогүйг дээрх мэдээлэл харуулж байна.

 

Эх сурвалж: CNN